Бүсгүйчүүдийг ганган шаавай байлгахад зорьсон сэтгэл амжилтад хүргэжээ

Улаанбаатар хотын нэгэн шинэхэн өглөө. Хүн ардын эгэл жирийн амьдрал нэг л янзаараа. Харин нэг л газар түм түжигнэж, бум бужигнасаар их хотын нэг өдрийг эхлүүлнэ. Мэдээж тэр газар бол олон арван хүнийг ажил, амьдралыг нь залгуулдаг Нарантуул зах юм.

Цайвар шаргал царай, нүдний шил, түс тас гэсэн яриагаар нь хэн хүнгүй мэдэх энэ хүнийг  Доржжанцын Нямгэрэл гэдэг. Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Доржийн дунд охин болж хорвоод мэндэлжээ. Хоёр ах, нэг дүүтэй. Тэдний гэр бүлийнхэн бүгд л гарын ур дүй сайтай хүмүүс аж. Зураач, уран барималч, зурагчин, мужаан, уран дархан гээд урангаар овоглосон гэр бүл дэх цорын ганц наймаачин.

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу хүмүүсийн ярьдгаар хотын хөдөө гэж нэрлэгддэг Яармагт шилжин ирж байжээ. Тэрээр Ерөнхий боловсролын 50 дугаар дунд сургуулийг амжилттай төгссөнөөр Чех Улсад гутлын оёдолчин гэсэн мэргэжлээр дөрвөн жил суралцаж ирээд анх наймаанд хөл тавьсан удаатай. 1990-ээд оны чөлөөт эдийн засгийн шилжилтийн үед бүх л хүмүүс наймаа эрхэлж байсан. Д.Нямгэрэл ч зүгээр суусангүй Дэнжийн мянгын “Хүчит шонхор” зах дээр пакет тор зарж эхэлжээ. Наймаанд А ч үгүй тэрээр жижгээс бүхнийг эхэлсэн болохоор мөнгөний үнэ цэнийг бусдаас илүү мэдэрсэн юм.

Тухайн үед гадаадад сурч байсан залуучууд ганган дэгжнээрээ гайхагдаж байсан цаг үе. Чехээс дөнгөж ирээд байсан Нямгэрэл ч эгээ л европ бүсгүй адил загварлаг хувцасладаг байж. Зөвхөн өөрийгөө гоёод зогсохгүй “Охид бүсгүйчүүд минь сайхан харагдаж, эрчүүдийн нүдийг хужирлаасай” гэсэн бодлоор анх эмэгтэй хувцас зарахаар шийдсэн аж.

Өдгөө 20 гаруй жилийн хугацаанд Нарантуул зах дээр наймаа эрхэлж байгаа Нямгэрэлийн лангууг охид бүсгүйчүүд андахгүй. Учир нь авчирсан хувцас бүхэн нь загварлаг цаг үетэйгээ таарсан донж хэв маягтай байдаг аж. Тэрээр “Худалдан авагч охид манайхыг л гоё хувцастай гэж ярихаар улам л загварлаг хувцаснууд авчрах юмсан гэж боддог доо” гэж хуучилсан юм.

Аливаа ажлыг хийхэд ухаан шаарддаг. Тэгвэл наймаа хийхэд ч бас маш их ухаан шаарддаг байх нь. Хувцсаа яаж өлгөхөөс авахуулаад хүмүүсийн нүдэнд гоё сайхан харагдуулах талаас нь ажилладаг аж. Цамцны дотор тохирох сорочикийг нь хийж өлгөснөөр нэг цамц зарах байсныг хоёр болгочих жишээний.

Д.Нямгэрэл гурван хүүхдийн ээж бөгөөд хоёр хүү нь хоёулаа эрдэм мэдлэг өвөрлөхөөр суралцаж байгаа оюутнууд, харин бага хүү нь цэцэрлэгт хүмүүждэг. Аливаа юманд хямагтай ханддаг тэрээр хүүхдүүддээ мөнгийг хэрхэн зөв зохистой зарцуулахыг үргэлж зааж сургадаг

Нарантуул зах дээр хүн амьтны хөл хөдөлгөөн огт тасрахгүй өнгөрөх бөгөөд долоо хоногийн нэг л өдөр тэд бүгд амарна. Нямгэрэл амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг. Чех улсад оёдлын мэргэжлээр суралцаж төгссөн нь түүнд хожмоо хэрэг болж, цамц, юбка гэх зэргийг өөрөө оёж зардаг болжээ.

Орь залуу насаа наймаа хийхэд л зарцуулсан тэрээр одоо хэнээс ч юу ч гуйхгүй, хүний дайтай сайхан амьдарч яваа нь хөдөлмөрч, хичээнгүй занг илтгэнэ. Товчхондоо хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун явдаг бүсгүй. Тэрээр муусайн наймаачид гэж ярьдаг мөн худлаа хэлж буй хүмүүст үнэн голоосоо дургүй. Хүн болгоныг юманд сэтгэлээсээ хандаасай, худлаа битгий яриасай гэж боддог. Ямар ч тохиолдолд наймаа хийж яваа хүмүүсээ өмөөрдөг энгийн нэг эх хүн юм.

20 гаруй жилийн хугацаанд гадаа наймаа эрхэлсэн Нямгэрэл халуун газар байж чаддаггүй гэнэ. “Гэртээ байхаар бие хаа хөшөөд нэг л болж өгдөггүй юм. Харин зах дээр ирлээ л бол бие хөнгөрөөд л явчихна шүү дээ. Бараагаа өлгөж байхад л сэргэчихнэ, ядрана гэдгийг мэдэхгүй шүү дээ. Бас байнгын гадаа байдаг хүмүүс чинь гэртээ байхаар бөгчимдөөд байж сууж чадахгүй, гармаар санагддаг болчихдог юм. Нарантуул дээр ирэхээрээ дуу аялсан шигээ хажуу талынхаа хүмүүстэй яриа өрнүүлээд сайхан байдаг” гэж хүүрнэсэн юм.

Түүний найз нөхөд болон эргэн тойрны хүмүүсийн “Наймаа хийвэл шууд ашгаа өгч эхлэх үү” гэсэн асуулттай бараг л өдөр бүр тулгардаг. “Надад нэг сая төгрөг байна, энэ мөнгөтэйгээ наймаанд орвол хэд болж өсөх үү” гэх маягаар лавлаж асуух нь элбэг. Тэрээр “Та нарын асууж буй асуулт чинь маш буруу байна. Шууд л  үржээд баян болчихгүй. Наймаа хийхэд маш их цаг хугацаа шаардагдана. Өнөөдөр авчирлаа гэхэд маргааш, нөгөөдөр дуусаад ашгаа авч эхэлнэ гэдэг нь наймааны талаар ойлголтгүй хүмүүсийн ядмагхан бодол юм даа” гэж байнга хариулдаг гэнэ. Харин яаж наймаа хийх вэ гэсэн зөвлөгөөг харамгүй өгдөг аж. Түүний хувьд таван сая төгрөгтэй байлаа гэж бодоход гурван саяар нь бараа худалдан авдаг бөгөөд үлдсэн хоёр саяа цааш нь хав дарж хадгалдаг байх юм. Нөгөө бараа худалдаж авсан гурван сая төгрөг нь таван сая болчих юм бол дахиад л хоёр саяыг нь хадгалж аваад үлдсэн гурван саяараа бараа худалдан авдаг. Яг л энэ зарчмаар наймаа эрхэлдгээ хүмүүст хэлдэг.

Нямгэрэл өдгөө орох орон, унах унаатай хүний дайтай яваа маань Нарантуул захын ач буян шүү гэдгийг хэлсэн юм. Дээр дурдсан шиг олон арван хүнийг ажил, амьдралын баталгаагаар хангаж яваа Нарантуул захад талархаж явдаг нь олон биз ээ. Өглөөнөөс үдэш болтол борви өндийлгүй ажиллаж яваа тэрээр өөрийн гараар бий болгосон энэ амьдралдаа тун ч сэтгэл хангалуун аж төрж байна.

Ч.Цэрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
9
close