Олон хүний амь насыг авч одсон осол лус савдаг хилэгнэснээс үүдэлтэй юу
  #   ЗАСГИЙН ГАЗАР   2017-10-24 12:31:11

Монгол Улсын уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах "Отгонтэнгэр хайрхан"-д авиралт хийхээр 10-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлжээ. Улмаар 10-р сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очсон бөгөөд өдрийн 16.30 цагт оргилд гарч, буцаж буух явцдаа цасан нурангид өртсөн. 10-р сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд 10 иргэн эсэн мэнд бууж ирсэн бөгөөд 17 иргэн сураггүй болсноос 14 хүний цогцсыг олоод байна.

2015 онд цахим орчинд нэгдсэн иргэд “Алтай Таван богд”-д авиралт хийсэн таван хүний амь эрсдсэн явдлаас хойших хамгийн олон хүн ууланд осолдсон харуусмаар тохиолдол боллоо.

Осолдсон уулчдын дунд гэр бүлийн дөрвөн хүн байжээ. Тэднийг ахалж явсан Н.Сүрэнжаваас бусад нь мэргэжлийн ууланд авирагчид биш сонирхогчид байсан гэнэ.

“Яг өдийд ууланд авиралт хийх улирал нь ч биш. Цагийн хувьд ч гэсэн 16:40-д оргил дээр гарсан байсан нь уг нь авиралт хийчихээд буцаад ирчихсэн байх ёстой цаг хугацаа байсан. Уулчин Н.Сүрэнжав ч мөн сураггүй болчихоод байгаа бөгөөд энэ хүнийг буруутгах аргагүй юм” гэж МУГТ Б.Гангаамаа мэдэгдсэн юм.

Насны хувьд 21-40 насныхан аж. Тэд бүгд ууланд алхагчдын клубт нэгдэж алхалт хийдэг байсан байна. Осолдсон хүмүүсийн хувьд “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “JCI hiking” клубын гишүүд байжээ. 

Тэднийг авиралт хийх гэж байхад нь Байгаль хамгаалагч Ш.Батмэнд “Отгонтэнгэр хайрханд авирах боломжгүй, 2015 оны БОАЖ-ын сайдын тушаалаар авиралт хийхийг хориглосон” гэдэг мэдээллийг өгчээ. Гэсэн ч тэд уг хоригийг тоолгүй фургон машинтай нэвтэрчээ.

Энд цаг бусаар осолдож амиа алдсан хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ хууль дүрмээ дагасан ч, эртний уламжлалт ёс заншлаа бодсон ч энэ авиралтаас татгалзсан бол өөрийгөө эрсдэлд оруулж, гэр бүлийнхэндээ хагацлын гашууныг мэдрүүлэхгүй байсан биз ээ.   

Эмэгтэй хүн гарч болохгүй гэх бичигдээгүй хуультай Отгонтэнгэр хайрхнаа эртнээс нааш монголчууд шүтэж ирсэн. Лус савдаг хилэгнэв үү гэлтэй олон хүний амийг ийнхүү авч одлоо.

Одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Отгонтэнгэр хайрханыг тахиснаас хойш жил бүрийн зуны дэлгэр цагт тахиж байхыг зарлигджээ.

Монголчууд энэ уулаа “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр ирсэн.

Гэхдээ энд бас нэг эргэлзээтэй зүйл байна. Юу гэвээс мэргэжлийн уулчин эмэгтэй хүн байвал энэ ёс заншлыг дагах хэцүү байх хэцүү, ер нь бараг л дагахгүй дээ. Энэ нь орчин цагийн зарим зүйлс эртний уламжлалтай таардаггүйн бас нэгэн жишээ юм.

Нөгөөтэйгүүр бие биенээ дагаж хошуурдаг туйлшрамтгай занд манайхан ихэд автамхай хүмүүс. Энэ зандаа хөтлөгдөөд чадах чадахгүй, мэдэх мэдэхгүй болгон руу хошуу дүрж байгаа нь ийм аюултай байдал руу дагуулсан гэлтэй.  

Өдгөө хүн толгойтой болгон ууланд алхдаг болсон нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, утаанаас холдож агаар салхи амьсгалах гэсэн нь сайшаалтай. Гэтэл нөгөө алхагчид маань эко зорилгоо умартаад хог новшоо ил задгай хаях зэргээр байгальд сөрөг нөлөө дагуулж байна.

Уулын спорт гэдэг бол тун ч эрсдэлтэй экстрим төрөлд багтдаг учир хэр баргийн хүн энэ спортоор хичээллээд байдаггүй. Уулын спорт нь байгальд, уул толгодоор алхах /хайкинг/, спорт хадан авиралт, мөсний авиралт, үнэмлэхүй өндрийн авиралт гэсэн хөнгөн, хүнд нөхцөлөөр ялгаатай төрөлд хуваагддаг. 

Оргил өөд авирахаас буух нь хэцүү гэж тамирчид ярьдаг. Гадаадын нэгэн уулчин багаар авиралт хийх байх үед хэн нэг нь гэнэт өвдөж явж чадахгүй боллоо гэхэд тэр хүнийг үүрээд явах хүн байхгүй учир шууд л орхихоос өөр аргагүй хэмээн ярьснаас үзвэл ямар хүнд төрлийн спорт гэдэг нь ойлгомжтой.

У.Маргад
www.Serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
8
131
6
close