Уулчин аав, мисс охиныхоо хамт эмгэнэл илэрхийлэв

Гоо сайхны 67 дахь удаагийн олимп буюу "Miss world-2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор мисс Ц.Энхжин 10-р сарын 20-нд урд хөршийг зорин ниссэн билээ. Харин финалын шалгаруулалт БНХАУ-ын Саньяа хотноо 11-р сарын 18-нд болох юм.

Ууланд авирч байгаад осолдсон хүмүүсийн тухай харамсалтай мэдээлэл тэдний гэр бүлийнхэнд ямар их уй гашуу, хагацал гуниг авчирч байгаа нь ойлгомжтой. Мөн олон түмний сэтгэл ч ихэд зовнин түгшүүрлээд байгаа.

Тэдний нэг мисс Ц.Энхжин ч бас шаналсан сэтгэлээ ийн уудалжээ.

"Өнөөдөр Отгонтэнгэрт осолдсон уулчид цасан нурангид дарагдан амиа алдсаныг сонсоод сэтгэл маш их өвдөж байна. Аав минь бас уулчин учраас сэтгэлд их хүндээр туслаа. Уулын спортын тамирчдын ар гэрийхэн хамгийн хүнд, сэтгэлийн хат их шаардсан ачааг үүрэн ард нь үлдэх юм. Авиралт хийх болгонд нь сэтгэлдээ айдастай ч үргэлж сайнаар бодон маш их гуйн залбираад хүлээдэг. 2015 онд Төвдөд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр аав минь 7 хоног сураг тасран амьд үгүйг нь мэдэхгүй бид бүгдээрээ их шаналан олж авах гэж бүхий л чадлаараа хичээж байсан xүнд үе санагдаж байна. 2016 мөн адил хүчилтөрөгчгүй авиралт хийн амьд үлдсэнд нь их талархаж явдаг. Уулчдын гэрийнхний зовлон нэг учраас сэтгэл зүрхнээсээ ойлгон гашуудаж байна. Энэ өдөр бүгдээрээ хамтдаа ар гэрийнхэн болон дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлэн зул өргөцгөөе. Энэ дүрст орчлонгоос илүү сайхан газарт очсон гэдэгт итгэлтэй байна. Ум сайн амгалан болтугай..."

Харин гурван удаа Эверестийн оргилд авирсан Энхжингийн аав Гавьяат тамирчин, Дэд хурандаа Б.Цэвээндаш "Монголын уулчдын түүхэнд тохиолдож байгаагүй том осол болж бидэнд маш том гарз хохирол учирлаа. Бурхан болооч эрэлхэг зоригт уулчдыг маань Мөнх хөх тэнгэр, Мөнх цаст хайрхан үргэлж ивээх болтугай. Та бүхэн тэнгэрийн орондоо тайван нойрс доо. Ум мани бадми хум. Дахин ийм явдал бүү тохиолдоосой” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
63
1
close