Амьд үлдсэн 10 хүнийг шокноос гаргахаар сэтгэлзүйчид ажиллаж байна
  #   ЗАСГИЙН ГАЗАР   2017-10-25 16:56:12

Манай уулчдын түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй хамгийн олон хүний амь нас эрдсэн харамсалтай осол болсон нь ар гэрийнхэн төдийгүй монголчуудын зүрх сэтгэлд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа.

Амьд үлдсэн арван иргэнийг болон осолдсон иргэдийн цогцсыг Зэвсэгт хүчний жанжин штабын “МИ-171” нисдэг тэргээр өчигдөр орой авчирчээ.

Эх сурвалжийн мэдээллээр 10 хүн эсэн мэнд үлдсэний шалтгаан нь тэднийг ахалж урд нь явсан хүн зургийн аппаратаа цааш нь далд хийх гээд 30 секунд орчим саатжээ. Энэ хооронд цас цөмөрч өмнө нь явсан 17 хүн ангал руу унасан байна. Авирагчид уулын уруу буухдаа гурван олсонд хүнд, хөнгөн жингээ тэнцүүлж хуваагдсан байна. Хэрвээ 30 секунд зогсоогүй бол бүгд л хавцал руу унаж эрсдэх магадлалтай байжээ.

Өөрсдийн нүдээр найз нөхдөө алга болохыг харсан учраас одоо болтол сэтгэл зүйн хямралаасаа гарч чадаагүй байгаа гэнэ.

Тиймээс сэтгэл зүйчид ажиллаж, тэднийг тайвшруулах ажиллагааг хийж байна.

Тухайн үед гишгэсэн газар болгон нь цөмөрчих гээд байдал хүнд хэцүү байсан. Нэгэнт байдал бишдсэнийг гадарласан хүмүүс эрсдэлтэй замыг тойрсхийж буцаж алхан цаг орой харанхуй болсон ч аль болох хурдан доош бууж тусламж дуудахыг зорьжээ. Харанхуй болчихсон байсан тул 10 хүн доош буухдаа маш болгоомжтой удаан явсан гэнэ. Эсэн мэнд байгаа 10 хүний нэг нь ар гэрийнхэндээ хэлэхдээ 34 цаг алхах шиг болсон. Харанхуй шөнө болсон байсан. Биднийг ахалж явсан уулын хөтөч байгаагүй тул бид хаана яваагаа багцаагаар мэдэж байсан. Аль болох хурдан хугацаанд бууж хэл хүргэе гэж зорьсон” гэж утсаар хэлжээ. 

Осолдсон хүмүүс хэн байв

27 уулчдыг уулын спортын олон улсын хэмжээний мастер Н.Сүрэнжав ахалж явжээ.

Харин түүний баруун гар болж Г.Барсболд явсан байна. Н.Сүрэнжавын хувьд ганц бие нэгэн байсан бөгөөд Барсболдын хувьд Орос, Германд боловсрол эзэмшсэн, эхнэр нь ч уулчин юм байна.

Түүний фэйсбүүк хуудсанд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлж буй олон хүн байгаагийн дотроос дотны дүү нь ”Навааны Сүрэнжав. Уулын нэр нь Сэнгүүн. Та минь олон хүн баярлуулж, хүний төлөө өөрийгөө үл хайрлан Алтай таван богд уулсын их ангал дундуур өөрөө мөр гарган явахдаа “Уулчин хүний алдаа нь эхнийх бөгөөд эцсийнх байдаг. Уулс байж л байна” хэмээн сэтгэлийн зул өргөжээ. 

Энэ багийн залуу авирагчдын нэг нь Б.Бат-Эрдэнэ байсан сурагтай. ШУТИС болон МЗХ-нд ажилладаг байжээ. Дөнгөж 29 настай энэ залуу нийгмийн асар их идэвхтэй, өр нинжин сэтгэлтэй нэгэн байсныг ойр дотныхон нь хэлж байна.

Н.Баттулга. Түүний нэр сураггүй алга болсон уулчдын нэрсийн жагсаалтад байхгүй. Гэхдээ энэ багийнхантай явсныг нь эх сурвалжууд баталж байна. Н.Баттулга нь Чингэлтэй дүүргийн АН-ын хороонд ажиллаж байгаад 2008 оноос Авто тээврийн газрын техник технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар дэвшиж байжээ. Дараа нь Зам тээврийн яамны техник технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм байна. “Smart tree” гэдэг төсөл боловсруулж, Сөүлийн гудамжинд гэрэлтүүлэг суурилуулахаар ажиллаж байсан залуу гэнэ.

Золгүй тохиолдлоор нас барагсдын нэг нь Ц.Янсан бололтой. Тэрээр “CTI Engineering International” компанид ажилладаг байжээ.

Мөн талийгаач О.Гантөмөр нь 1981 онд төрсөн бөгөөд Стэнфордын их сургуулийг төгсчээ.

Д.Ариунбилэг агсны хувьд уулын спортоор идэвхтэй хичээллэдэг, туршлагатай уулчин байж. 

“Монголын уулчдын Үндэсний холбоо”-ны нарийн бичгийн даргаар 30 гаруй жил ажилласан олон улсын хэмжээний спортын мастер уулчин Ж.Баянцагаан

-Чи бол спортын мастер хүн. Үүнийгээ өөрийгөө уулчин болчихлоо гэж битгий бодоорой. Хөтөч хийнэ гэдэг бол тусгай мэргэжил. Чи битгий хүмүүс авч явж бай. Хүмүүс аваад явдаг чинь осолтой шүү. Нэг л өдөр аюул тохиолдвол яана гэдгийг хэлж, сануулдаг байсан хэмээн ярьжээ. Н.Сүрэнжав Отгонтэнгэр ууланд удаа дараа алхаж байсан туршлагатай хүн байсныг ч тэрээр дурдсан юм.

"Өдрийн сонин"-ы сурвалжлах баг

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

3
107
1
3
close