Д.Оюун: Наймааны ухаан бол хэмнэх, данс тооцоогоо хөтлөхөөс эхэлдэг

Тэртээ 1992 онд наймааны гараагаа ширхгийн зүйлээс эхэлж байсан нэгэн эгэл жирийн монгол ээжээс ярилцлага авлаа. Түүнийг Дондов овогтой Оюун гэдэг бөгөөд өдгөө тэрээр 54 настай.

-Наймаанд хэрхэн хөл тавьж байснаа дурсвал?

-Анх 1992 онд Дэнжийн мянгын захын үүдэнд ширхгийн тамхи, сникерс, хоолны амтлагч гээд жижиг сажиг зүйл зарж, өдрийнхөө хоолыг л олдог байж билээ. Тэр үед 25 настай ид залуу байсан юм. Нэг жил гаруй хугацаанд ширхгийн зүйл зарсан даа. Тухайн үед наймаа хийхэд маш хэцүү байв. Цагдаа нар зарж буй бараануудыг минь хураагаад авчихна, тэгээд л тэрнийхээ араас өдөржингөө хөөцөлдсөний эцэст арай гэж олж авдаг байсан юм. Тийм л хэцүү үед наймаа эхэлж байсан даа. Тэгээд 1993 онд захын хашаан дотор торго болон жижиг бараа зарж эхэлсэн. Газраар шуудай дэвсэж байгаад л бараагаа зардаг байж. Тухайн үед наймаачид бас газраа булаацалдана, гайгүй газар авах гэж үүрийн таван цагт ирчихсэн очерлоод л зогсдог байсан юм. Ингэж л наймааныхаа гарааг эхэлсэн удаатай. Хоёр гурван жил ширхгийн бараа зарж эхэлсний дараа овоо хэдэн төгрөг хуримтлуулсан байв. Тэгээд ширхгийн зүйлээ зарахаа больж, самар зарж эхэлсэн юм. Хөдөөнөөс бөөндөж авсан самраа өдөржин шөнөжин л цэвэрлэдэг байлаа. Унтана гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан, өдөрт хоёр юмуу гурван цаг л унтвал их юм. Тухайн үед самар зараад сая гаруй төгрөгийг анх удаа тоолж үзэж билээ. Самар зарах бизнес маань гайгүй явж байх үед гэдэсний халдварт өвчин гарч улс даяар самар зарахыг хориглов. Ингээд л амьдрал минь тэр чигтээ зогсчих шиг санагдсан даа. Хамгийн сүүлд нэг цагдаа шуудайтай самрыг маань жорлон руу асгачихсан юм. Тэр үед “Миний хөрөнгөнд гар хүрлээ чи” гээд цагдаа руу шууд уйлаад л дайрчихсан. Тэгж байж нэг мөнгөө олж авч билээ. Тухайн үед нэг шуудай самар 40 мянган төгрөг байв. Тэрнээс хойш самар зарахаа больё гэж шийдсэн юм. Түүний дараа хүүхдийн хувцас, бөс бараа зарж эхэлсэн дээ. Энэ хоёроос бөс бараа нь арай илүү зарагдаад байгааг анзаарсан юм. Тэгээд бөс бараа болон торго л зарах ёстойгоо ойлгосон он жилүүд байж дээ.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Манайх гэдэг айл дөрвөн үе дараалсан ихрийн удамтай. Би өөрөө ихэр, манай хүү охин хоёр маань ихэр, бас манай охины хоёр хүүхэд ихэр гээд ихрийн удамтай гэр бүл байгаа юм. Манай нөхрийг Батжав гэдэг, би нөхөртэйгээ 25 настай байхдаа ханилсан. Өдийг хүртэл амжилттай яваа маань нөхрийн маань ач тус мөн нөмөр нөөлөг шүү дээ. Бүхэл бүтэн 20 гаруй жилийн хугацаанд арын ажлыг манай нөхөр л амжуулдаг байв. Хүүхдүүдээ нэгдүгээр ангид орж байхад нь хүргэж өгч үзээгүй ээж гэж надаас өөр байдаггүй байх. Эцэг эхийн хурал болон төгсөлтийн баяр дээр нь хүртэл очиж үзээгүй гээд бод доо. Энэ бүхний ард нөхөр маань л байсан учраас би бизнесээ амжилттай авч явсан байх гэж боддог. Одоо миний бизнесийг хүү маань үргэлжлүүлэн өвлөөд авч явж байна даа.

-Тухайн үед наймаачид хэдэн төгрөгтэй урагшаа явдаг байсан бол?

-Тэр үед бол жаахан л мөнгөөр явна шүү дээ. Тийм их мөнгө хаа байхав. Ганц гахай авчраад л тэрийгээ 10 хоногийн дотор зарчихаад л дахиад урагшаа явдаг байсан юм. Ерөөсөө ихэнх амьдрал Эрээн болон Замын-Үүд хоёрт л өнгөрдөг байлаа. Гэртээ сарын 10 хоногт нь л байдаг байсан байх. Тухайн үед гааль маш чанга байсан. Гарах гэж бөөн юм болно. Өдөржин гааль дээр тоолуулаад л өнгөрнө шүү дээ. Сайхан залуу насаа жинхэнэ утгаар нь мэдрэлгүй явсаар өдий насалчихжээ. Наймаа хийнэ гэдэг маш их тэсвэр тэвчээр шаардсан ажил шүү. Маш амархан мөнгө олдог зүйл огт биш. Нэлээн ухаан зарцуулах ажил. Мөн нэг найзтайгаа анх машинаар даавуу оруулж ирж зардаг байлаа. Тэр үед 10 сая төгрөгний бараагаа зээлээр өгдөг байв. Бараа зээлээр авч байсан хүмүүс одоо бүгд Нарантуул зах дээр байдаг. Эндээс амьдралаа дээшлүүлсэн хүмүүс олон байдагт би маш их баярлаж явдаг.

-Одоо байгаа энэ Нарантуул зах анх ашиглалтад орохдоо зай талбайгаа цаанаас нь хуваарилж өгдөг байсан уу?

-1999 онд юм байна. Дэнжийн мянга зах гэнэт нүүнэ гэдгээ хүмүүст хэлдэг юм байна. Тэгсэн наймаачид маань сандраад л “Хаашаа нүүлгэх гэж байгаа юм бол, одоо яах вэ” гэтэл нэг нь хэлж байна аа. “Урагшаагаа 13-р хорооллын урд нэг газар бий. Тэр нь айхтар хүйтэн юм гэнэ лээ. Бараг мөсний хонгил, хөлдөж үхэх байх аа” гээд хэлмэгц хүмүүс бужигнаад л явчихсан шүү. Тэгээд Нарантуул зах дээр очиж хоёр өдөр нойр хоолгүй очерлож байж талбайтай болсон юмдаг. Нэг хүнд метр тавьтай газар өгч байсан байх шүү.

-Наймаачид цаг хугацаатай уралдан байж, бараа таваараа зардаг байх даа?

-Наймаа хийнэ гэдэг маш чанга зүйл байхгүй юу. Өглөө эрт босно, ажил дээрээ очоод бэлтгэл ажлаа хангана, бүр орой гэртээ харина, мөн үр хүүхдээ асрана гээд маш олон ажлыг амжуулна. Гэхдээ хийж бүтээсэн ажлаа хүмүүс хэзээ ч хаядаггүй юм. Энэ бизнесээ нураачихгүйхэн шиг яаж авч явах вэ гээд маш олон юм бодно шүү дээ. Тийм ч амархан зооглох хоол лав биш. Би гайхдаг юм, одооны залуус сая төгрөгийг зүгээр л цаас шиг санадаг болж. Шууд зах дээр гараад сая төгрөг олчих юм шиг бодож байгаа нь харамсалтай. Яг бизнес хийгээд амьдарна гэдэг чанга шүү. Хүн бүхэн бизнестэй, бүх юм өөрийн гэсэн эзэнтэй болчихсон үед бизнес эхлэх бүр ч чанга. Одооны наймаачид 11 цагт ирчихээд л наймаа муу байна гэж яриад байх юм. Бид бол хар үүрээр ирдэг байлаа шүү дээ. 11 цагт бүх юм эхэлчихсэн бараг наймаа хийгээд дуусч байх үе байхгүй юу. Мөнгөний үнэ цэнийг мэдрэхгүй байгаа нь харамсалтай.

-Одоо наймаа эрхэлж яваа залуучууддаа юу гэж зөвлөмөөр байна?

-Маш их хатуужил, тэвчээр шаардсан ажил гэж боддог. Гэхдээ манай залуу наймаачид хэдэн төгрөг олоод, хэдийг юунд зарцуулаад байгаагаа мэдрэхгүй байна. Өдөрт 20, 30, 40 мянган төгрөгийг зүгээр үрчихдэг. Цаад бизнес нь хэдэн төгрөгөн дээр ашиг хүртэж байгаагаа ойлгож чадахгүй байгаа юм. Энэ бол бизнесийн хамгийн том алдаа. Үүнээс л болж залуучууд дампуураад байгаа байхгүй юу. Тэрнээс биш ашгаа хүртэж байгаа хүн бол дөрвөн кофе уух байсан бол хоёрыг уух гэх мэтээр хэмнэхийг л бодно шүү дээ. Наймаа хийхэд ухаан гэж байна шүү дээ. Би бол маш их цэгнэдэг байсан юм. Тооцоо гэдэг бол хамгийн чухал. Өнөөдөр авсан өгснийг маш сайн бичиж тэмдэглэх хэрэгтэй. Манайх өнөөдөр хэдэн төгрөгний үндсэн хөрөнгөтэй билээ, мөн хэдэн төгрөгний бараа эргэлдэж байгаа билээ гэдгийг дэвтэр дээрээ бичиж сурах нь наймаачин хүнд байх чанар шүү. Ингэж сурч чадвал таны бизнес дороо дээшлээд ирнэ.

-Нарантуул захын сайхан тал юу вэ?

-Сайхан зүйл байлгүй яахав. Хамгийн түрүүнд мэдээж миний амьдралыг дээшлүүлсэн. Мөн олон арван хүнийг ажлын байр, идэх хоол, унах унаа, орон байртай болгосон ач тустай газар шүү. Ямар ч стрессгүй ажиллуулж чаддаг газар даа.

-Өнөөдөр таны бизнес хэр өргөжин тэлсэн байна вэ?

-Нарантуул захын минь ач буян мөн хөлсөө урсгаж байж олсон хөдөлмөрийн үнэ цэнэ байлгүй яахав. Хоёр гурван газар үйлчилгээний төв түрээслүүлж  ажиллуулдаг даа.

-Залуучуудад юуг үргэлж зааж сургадаг вэ?

-Хүүхдүүддээ өглөө эрт босох хэрэгтэй, эрт босвол нэгийг үзнэ гэж байнга хэлдэг. Өдрийн талыг унтаж өнгөрөөх юм бол юу ч хийж чадахгүй шүү. Одооны залуучуудын их унтдаг нь надад таалагддаггүй. Очоод цохиод авмаар санагддаг. Үд болтол унтаж байгаа хүмүүс юу хийж чадах юм. Гараас нь юм гарахгүй шүү дээ. Ажлын талбар дээр очоод ч юу ч хийж чадахгүй. Иймд залууст өглөө л эрт босож гэмээнэ ажил амьдрал цаанаасаа жигдрээд ирдэг юм шүү гэж захья.

-Цаашдын төлөвлөгөө тань?

-Одоо цаашдаа юу хийхэв дээ. Үр хүүхэд, ач зээ нараа хараад л сайхан амьдрахыг хүсэж байна. Ээж аавуудын хамгийн том зорилго бол үр хүүхдүүддээ ачаалал үүрүүлэхгүй гэсэн бодлыг үргэлж тээж явдаг юм шүү дээ. Мөн эргэн тойрны маань бүх хүмүүс эрүүл энх, сайн сайхан аж амьдрахыг л хүсэж байна даа.

Ярилцсанд баярлалаа. 

Ч.Цэрэн 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
2
1
2
close