Б.Хэнмэдэх: Миний ихэнх цаг алтан шар зах Нарантуул дээр өнгөрдөг

Баньдхүү овогтой Хэнмэдэх нь 1992 онд “Говь” компаниаас ноолууран цамц худалдан авснаар, түүний ноолуураар ороолт малгай хийх авьяас нь илэрсэн гэдэг. Ингээд авсан ноолууран цамцаа хөвж малгай ороолт хийдэг байж.  Энэ нь наймаанд хөл тавих эхний алхам болсон юм.  Өдгөө тэрээр Нарантуул зах дээр ноос ноолуурын зургаан лангуу ажилуулдаг. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна

-Таны гадуураа өмссөн цэцэгтэй халаад их өвөрмөц санагдлаа. Үүнийг та өөрөө хийсэн үү?
-Миний ихэнх цаг алтан шар зах Нарантуул дээр өнгөрдөг юм. Би л наймаа хийж байгаа гээд навсайгаад л муухай байж болохгүй, ядаж л гар хуруу сайхан байх хэрэгтэй  гэж боддог юм. Энэ халааднаас гадна ахиад нэг байгаа. Хүн ер нь байгаа орчиндоо цэвэрхэн байх ёстой. Өөрийнхөө гэрт хог тариад л шүлсээ хаяад байдаггүй шүү дээ. 

-Анх наймаа хийж эхэлсэн түүхээ хуваалцвал?
-Анх 1988 онд “Говь” компаниас ноолууран цамц авч мөнгө нэмж зардаг байлаа. Дараа нь ноолууран цамцаа хөвж, малгай ороолт болгон зардаг болсон. Тухайн үед нэг цамцыг 24-28 мянган төгрөгөөр авдаг байсан юм.  

 

-Эртэч хүн нэгийг үзнэ гэдэг. Та өглөө хэдэн цагт худалдаа наймаагаа эхлүүлдэг вэ?
-Тийм шүү. Олон жил наймаа хийж байгаа болохоор аль болох л эрт босдог. Худалдан авагч ирэхээс өмнө бараагаа дэлгээд тоос шороогоо арчаад наймаагаа эхлүүлнэ. Тэгээд ч миний хоёр дахь гэр муухай байж болохгүй аль болох цэвэрхэн байх хэрэгтэй гэж боддог юм. 

-Нэг цамцаар хэчнээн малгай ороолт хийж, хэдэн төгрөгөөр борлуулдаг байв?
-Нэг ороолт нэг малгай эсвэл хоёр малгай гардаг байсан. Ороолтоо 25 мянган төгрөгөөр борлуулдаг байлаа. 

 

-Малгай ороолтоо өөрөө нэхдэг байв уу?
-Анх наймаа хийж эхэлж байхад хүмүүс бас ингэж асуудаг байсан шүү. Гар аргын сүлждэг машинаар нэхдэг. Тухайн үед надад янз бүрийн газар түрээслэх мөнгө байгаагүй. Гэрийнхээ гал тогоонд сүлжигч  машинаа тавиад нөхөр хүүхдийнхээ хамт цаг наргүй малгай ороолт хийдэг байлаа. 

 

-Худалдаа эрхэлж байхад янз бүрийн бэрхшээл гардаг байх. Энэ тухай хуваалцахгүй юу?

-Мэдээж бэрхшээл гаралгүй яахав. Шөнө хүмүүс унтах цагаар малгай ороолтоо нэхдэг болохоор хүмүүс дуу чимээ гаргалаа гэж уурлах, сүлжигч машин маань эвдрэх, дөнгөж малгай сүлжиж эхэлж байхад нөгөө цамцнаас гаргасан жаахан утсаа хэрээд муухай болгочих зэрэг олон асуудал гардаг байлаа.

-Тэр үед хүмүүс ноолууран малгай ороолт монголчууд хийж зарж байгаа тухай тэр бүр мэддэггүй байсан. Та хэрхэн танилцуулж зардаг байв?

-Эхлээд л гараар хийсэн малгай ороолт гэхээр их гайхдаг байлаа. Монголчууд өөрсдөө хийдэг болсон дулаахан гээд л ярьж өгнө. Одоо бол миний нэхсэн ноолууран малгай ороолт өмссөн хүн хараад жаахан муухай эдэлчиж эсвэл сайхан гамтай өмсөж дээ гээд л харж суудаг.

-Эцсийн бэлэн бүтээгдэхүүн болоод гарахад хэр их ажиллагаа ордог  вэ?

-Маш их ажил ордог. Машинаас шууд гараад арзгар сарзгар байгаа бүтээгдэхүүнээ угаана дараа нь индүүднэ тэгээд хэлбэрт оруулна. Эцэст нь савлана. Бэлэн байгаа бүтээгдэхүүн  зарах, үйлдвэрлээд зарах  хоёр асар их ялгаатай байдаг. Үйлдвэрлэж бэлэн болох хүртэл хүний маш их ажиллага ордог. 

 -Худалдаа наймаа хийгээд мөнгөтэй харьцаад эсвэл их мөнгөтэй болохоор хүний зан хувирдаг гэдэг. Таны хувьд юу гэж боддог вэ?

-Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг. Хүн даруу байх хэрэгтэй. Ямар ч үед хүн нэг л зангаараа байх хэрэгтэй.

-Нөхөр хүүхдүүдийнхээ хамт малгай ороолт нэхдэг тухай сая ярилаа. Хүүхдүүд тань их тус болдог байжээ?

-Тэгэлгүй яахав. Миний том хүү их эрт зургаан настайдаа  биеэ даасан. 12 настайдаа хоол хийж эхэлсэн. Хоёр дүүгээ харж, завсар зайгаар нь малгай ороолтоо сүлжинэ. Би ч хичээл ном нь юу болж байна гэхээс урьтаад хэдэн малгай ороолт хийсэн бэ гэж асуудаг байлаа шүү дээ. Одоо том хүү бэр хоёр маань миний бизнесийг үргэлжлүүлж байгаа. Өмнө нь ч хүүгээ гэдэг байсан одоо бол бэрээ л их дэмжиж байна.

-Бэрээ дэмжиж байна гэхээр?

-Би гурван сайхан хүүтэй. Одоо бүгд л гэрлэсэн. Насан туршдаа хамт амьдарна, хазайж хальтрахад нь түшиг тулгуур болно гээд олон хүнээс онцгойлон хүүг минь сонгоод ирсэн бэрээ хайрлах ёстой. Удмын маань үргэлжлэл нь миний бэр шүү дээ.

-Худалдаа наймаа хийдэг хүмүүст гэр бүлдээ зарцуулах цаг маш бага гардаг.  Таны арын албыг хэн дааж өдий хүрсэн бэ?

-Миний арын албыг том хүү минь л дааж ирсэн. Нөхөр маань зохион байгуулагч би өөрөө “сангийн сайд” хийсээр ар гэрийн ажлаа зохицуулж явна даа.

-Та Нарантуул зах дээр худалдаа наймаа хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэр их өсч дэвжсэн бэ?

-Анх эхэлсэн үеэс өдий хүртэл огт алдаагүй явж ирсэн гэвэл худлаа. Нарантуул зах дээрээ ноос ноолуурын зургаан лангуу эрхэлж, гурван хүнийг ажиллуулж байгаа. Анх зөвхөн малгай ороолтоор дагнадаг байсан бол одоо цамц, өмд, нөмрөг гээд ноос ноолуураар бүхий л бүтээгдэхүүн хийдэг үйлдвэртэй болж өргөжсөн байна. Энэ бүх ололт амжилт алтан зах Нарантуулын минь гавьяа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
3
close