Б.Улаанцэцэг: Амжилттай яваа бизнесмэнүүд бүгд л Нарантуулаар дамжсан

Нарантуул зах дээр наймаа эрхэлдэг олон арван эмэгтэйчүүдийн нэг болох Б.Улаанцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрээр хорь гаруй жилийн хугацаанд наймаа эрхэлж байгаа бөгөөд анх Дэнжийн мянгын захаас бизнесийн гараагаа эхэлжээ. Ингээд түүнтэй ярилцсаныг хүргэж байна.   

-Анх наймаанд хөл тавьж байсан түүхийн тань талаар яриагаа эхлүүлье?    

-Анх 33 настай залуу бүсгүй, 30 мянган төгрөгтэй наймаанд хөл тавьж байлаа. Эхэн үедээ бол янз бүрийн жижиг бараа л зардаг байв. Өөрийнхөө мөнгөний хэмжээнд л тааруулж наймаа хийдэг байсан үе юм. Тухайн үед наймаа хийхээс өмнө дэлгүүрт нягтлан бодогч хийдэг байлаа. Цалин муу байсан болохоор ажлаасаа гараад шууд наймаа эрхэлсэн. Тэгээд анх 70 юаны гутал Эрээнээс авчирч зарж эхлэв. Тэр үед ганцхан ширхэг гутал зарагдсан юм. Ингээд л шатчихлаа гэж бодож байтал хамт ажилладаг Жавзандулам эгч маань “Хоёулаа Эрхүү хот оръё. Наад гутлуудыг чинь дор нь зарчихна” гэдэг юм байна. Би ч шууд зөвшөөрснөөр Эрхүү орж бүх гутлаа зарж билээ. Тухайн үед овоо хэдэн төгрөгтэй болчихсон ирсэн шүү. Баахан жижиг бараа зарж байхаар торго зараад үзье гэж бодсон л доо. Тухайн үед метрийн даавуу зардаг лангууны хажууд бараагаа зардаг байсан юм. Тэгээд даавууны талаар мэдлэггүй хүн чинь урагшаа явдаг юм байна. Харин аз болж вагон дотор торго зардаг эгчтэй тааралдсан. Хоёулаа нийлээд л Эрээн орж даавуунаадаа худалдаж авав аа. Би ч эгчийн авсан барааг дагаад л аваад байв. Ингэж л торгоны наймаанд орж байсан юмдаг. Тэгээд торгоо зарах гэтэл юу ч зарагддаггүй ээ. Бас л ингээд шатах юм байна, энэ бараатайгаа хаваржингаа болох юм байна гэж бодож байтал гурван хоногийн дараа нэг танил маань хүрч ирээд бүгдий нь бөөндье гээд авч билээ. Тэрнээс хойш мэнчүү болон эрээн даавуу руу эргэлт буцалтгүй орсон доо. Даавууны бизнест ороод 20 гаруй жилийн хугацааг өнгөрөөжээ.

-Тухайн үед, сард хэдэн удаа бараа таваараа татдаг байсан бэ?

-Нэг сарын хугацаанд дөрвөн удаа урагшаа, долоон удаа хойшоо явдаг байсан юм. Наймаа эхлэх үед гэр хороололд амьдарч байв. Түүнээс хойш орон байртай болсон, үр хүүхэд маань сургууль соёл төгссөн гээд наймааны ач буян олон байна. Өдийг хүртэл сайн сайхан яваа маань Нарантуул захын буян юм даа. Мөн наймаа хийхийн хажуугаар оройн цагаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эчнээгээр төгссөн.

-Анх худалдаа наймаа хийж байсан үеэ бодвол таны энэ бизнес хэр сайн өргөжиж тэлсэн бэ?

-Яахав, анх эхэлж байх үеэсээ илүү дээрдсэн. Орон гэрийн маань нөхцөл сайжирч, хүүхдүүд маань мэдлэг боловсролтой болсон гээд яриад байвал зөндөө зүйл байна. Миний хувьд Нарантуул захын урд гурван давхар үйлчилгээний төв ажиллуулж байна даа. Сүүлийн долоон жил өөрөө Нарантуул захад биечлэн үйлчилгээ эрхлээгүй.

-Нарантуул зах дээр ажиллахын сайхан тал нь юу юм бол?

-Хамгийн гоё нь Дэнжийн мянгын зах дээр наймаа эрхэлж байсан үе маань. Айлуудын дунд байсан болохоор ч тэрүү маш дулаахан байсан. Хэдий эмх цэгцгүй, бараагаа газар тавиад зардаг байсан ч энэ үе маш сайхан санагддаг. Хэзээ ч мартагдахгүй дурсамжуудын маань нэг. Хойд зах дээр байхад өөрийнхөө хэмжээнд бараагаа авчирч зарчихаад уутаа бариад гэр лүүгээ явж байх л сайхан байсан шүү. Ингэж наймаа хийж болдог юм байна шүү дээ гээд алхах чинь сайхан шүү дээ.

-Хэцүү тал нь тэгвэл юу байсан бэ?

-Нарантуул зах маань олон арван хүнийг амьдралын баталгаагаар болон бараа бүтээгдэхүүнээр нь  хангасаар байна. Том супермаркетууд биш шүү.  Захаас л бүгдийг авч байна шүү дээ. Зарим хүмүүс “Би Нарантуул зах ёстой орж үзээгүй” гэж ярьдаг, тэр бол шал худлаа шүү дээ. Том ярих гэж хичээсэн хүмүүс байх юм. “Ээ чи зах дээр байдаг юмуу” ч гэж хэлж байгаа нь тэр хүмүүсийн толгой муу байгаагийн шинж юм. Хүнийг гаднаас хараад дүгнэхдээ биш доторх хүн нь ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй хэрнээ сав л хийвэл муулах гэсэн бодолтой хүмүүс зөндөө болчихжээ. Нэг л их юм мэддэг чаддаг юм шиг ярьж явах юм. Нарантуул дээр ширхгийн зүйл зараад явж байгаа хүмүүс ч сайн сайхан явж байгаа шүү дээ. Манай зах дээр ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тэд амьдралын төлөө зүтгэж яваа жинхэнэ шударга, хөдөлмөрч хүмүүс. Би хаана ч явсан Нарантуул захаа өмөөрнө, сайхан газар гэж үргэлж хэлэх дуртай. УИХ-ын гишүүнээс авахуулаад бүх л том амжилттай яваа бизнесмэн хүмүүс Нарантуул захаар дамжсан хүмүүс байдаг шүү дээ. Яг миний хажуу талд адилхан наймаа хийгээд явж байсан залуу УИХ-ын гишүүн болчихсон явж байна. Тэгэхээр хүмүүс хар зах гэж ярих нь буруу байхгүй юу. Гэхдээ хаана ч сайн муу хоёр эгнэгт оршиж байдаг болохоор сайн тал ч байна, муу тал ч бас байна л даа. Дандаа сайхан тал яриад яахав, асуудалтай зүйлүүд зөндөө л байгаа шүү дээ. Наймаа хийхэд талбайгаасаа хөөгдөх ч юм уу шантрах бэрхшээл олон тохиолдоно. Гэхдээ энэ бүхнийг давж туулсан хүмүүс л сайн сайханд хүрнэ. Наймаачин хүний хөдөлмөрийн хөлсийг олонд түмэнд хүргэж чаддаг, биднийг ажлын баталгаагаар хангадаг буянтай газар л гэж бодож явдаг даа.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Манай нөхрийг Баасанчулуун гэдэг.  Нөхөр бид хоёр хамтдаа наймаа хийж эхэлсэн юм. Бид хоёр охин, хүү хоёртой. Охин маань Итали улсад докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Отгон хүү маань урд сургууль төгсөөд одоо Төрийн банкинд ажилладаг.

-Орчин үеийн залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Хүн өнөөдөр өөрөө хөдөлмөрлөөд, зүтгэх юм бол хаана ч хүрч, амжилтыг олж чадна. Заавал банкнаас зээл авахдаа биш, бүх зүйлд шударга байж чадвал, амжилт өөрөө ирдэг юм. Хамгийн гол нь зөв санаатай байх л хэрэгтэй.

-Наймаа хийж байх үедээ эрсдэлд орж байсан байлгүй дээ. Энэ тухайд?

-Метрийн барааны гаалийн хураамж өндөр байсан. Татвараа төлж чадахгүй болохоор даавуугаа ч их хураалгадаг байв. Мөн өчнөөн мөнгө татвартаа төлчихөөд ирэхэд бараагаа зарж чадахгүй зүгээр л ирж буцахын зардалд шатдаг үе зөндөө үе байсан. Дэнжийн мянгын зах дээр байх үед сая төгрөгөө хулгайд алдаж байв. Тухайн үед урагшаа явна гээд төлөвлөчихсөн мөнгө байсан юм. Тэгэхэд маш их уйлж билээ. Тэр үеийн сая төгрөг маш их мөнгө байсан үе шүү дээ. Хулгайч нь гадны хүн ч биш хамт наймаа эрхэлдэг хүн маань байсныг сүүлд мэдсэн л дээ. Олон жил наймаа хийсэн ч одоо ч гэсэн алдах зүйл бишгүй бий. 

-Таны бизнесийн зарчим юу вэ?

-Аливаа бизнесмэн хүмүүсийн хамгийн нэгдүгээрт байх зарчим бол бичиж тэмдэглэх юм. 

-Мөнгөө өсгөж үржүүлэх болон хадгалах талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мөнгөтэй харьцана гэдэг бол маш чухал. Мөнгийг цэвэрхэн хадгалж байж мөнгө тогтдог юм. Олсон хэдэн төгрөгөөрөө шууд машин авчихдаг хүмүүс байдаг л даа. Гол нь наймаа хийхэд олсон мөнгөө шууд үрэн таран хийж, өөр эд зүйлс авахдаа биш. Эхлээд хуримтлуул, тэрний дараа бол юу дуртайгаа авч болно. Илүү юманд мөнгө зарахыг би хүсдэггүй. Мөнгийг хадгалж байж улам илүү ашиг орж ирдэг юм шүү дээ. Наймаа хийнэ гэдэг тэр чигтээ ухаан байхгүй юу. Өнөөдөр би юу хийх вэ гэдгээ бодож байх хэрэгтэй. Гэхдээ худалдан авагч нартай эелдэг, нөхөрсөг харьцах ёстой. Янз бүрийн хүмүүстэй харьцах шаардлага тулгарна шүү дээ. Зарим нь эд нар чааваас талхны мөнгөө олох гээд зүдэрч яваа байх гэх байдлаар харьцах нь элбэг. Хэдийгээр ийм хүмүүс байсан ч хүнийг хүн гэдгээр нь хүлээж авч харьцах хэрэгтэй байдаг юм. Гэхдээ зах дээр наймаа эрхэлж байгаа бүх хүмүүс маш их тэвчээртэй.

Ч.Цэрэн

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
8
4
close