Ш.Сайхансамбуу: УИХ-ын танхим хүссэн хүүхэд болгоныг гишүүн болгож тоглуулдаг ҮЛГЭРИЙН ордон боллоо
  #   ЯРИЛЦЛАГА   2018-01-16 13:21:36

УИХ-ын гишүүн асан "Нарантуул" захын босс Ш.Сайхансамбуутай ярилцлаа. 

-Шинэ ондоо төлөвлөгөө гарган, зорилго тавьж эхэлдэг. Та улстөрч, бизнесмэний хувьд юу төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө “Сэрүүлэг” сонины уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлээд, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл энхийг л хүмүүст  хүсдэг, эрүүл биед саруул ухаан оршино гэж. Бизнесээ эрхлээд, улс төрийнхөө ажлыг давхар хийгээд явж байна. Эрх баригч МАН гэдэг нам юу хийж байна, яаж байна. Үнэндээ бүтэлгүй юм их хийлээ олигтой ажил хийсэнгүй. Тийм л дүгнэлт ард түмэн хийж байна, би санал нэг байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс юм хүлээгээд хэрэггүй гэх боллоо.

-Анх сонгогдоход хэлж байсан. Хэн ч байгаад хэрэг алга. Нэгдүгээрт Монгол Улсад мөнгө алга. Монгол Улсыг яаж мөнгөтэй болгох вэ гэж бодож сэтгэдэг, тооцдог хүн алга. Хүрэлсүх битгий хэл Төмөрсүх, Алтансүх гараад ч хэрэг байхгүй. МАН, АН хоёр хэн ч гараад нэмэргүй болгоод хаячихлаа. БИ 2008 онд УИХ-ын гишүүн болоод энэ байдлыг харж шүүмжилсэн, урьдчилан тааварлаж хэлээд байсан, нэмэргүй. Миний хэлсэн биелээд явж байна. Иргэддээ найддаггүй, бизнес эрхлэгчиддээ итгэдэггүй, хууран мэхлэх замаар 30 жил энэ улсыг удирдлаа, энэ хоёр нам. Энэ хугацаанд бүтээн байгуулах ажил хийсэн хүн энэ хоёр намд ер нь байхгүй юм. Мань мэт шиг гардаж хийж, хийлгэж, хүн удирдаж, сэтгэж, шинийг санаачилж, ажлын байр бий болгодог хүн байсангүй. 1992 оноос хойш улс төрд явж байгаа нөхдийг  бараг бүгдийг нь, 90 хувийг нь таних юм. Хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Харж байхад хөдөлмөрийн гараагаар явсан хүн бараг алга. Дандаа л улс төрд орж, улстөрчдийн гар хөл болж явсан, худлаа үнэн ярьдаг нөхөд энэ тэр төр засгийг удирдаж ирлээ. Одоо 28 дахь жил рүүгээ орж байна. Бараг л 30 жил. Энэ жилүүдэд үнэндээ юу ч хийсэнгүй, юу ч бүтээсэнгүй. Баахан өр л тавилаа. Өнөөдрийн мэдээгээр 34 тэрбум долларын өртэй болж байгаа гэх шив дээ. Мөнгө гэдэг зүйлийг бий болгодог, мөнгийг үүсгэдэг ажил хийж чадсангүй. Өмнө байсан дөрвөн Ерөнхийлөгч олигтой юм хийсэнгүй. Залуучууд хойч үеэ яаж энэ улсын төлөө зүтгэх үлгэр дууриал үзүүлж чадсангүй. Ажиллаж байсан УИХ-ын дарга нарч хурал удирдаж чадсангүй, явсаар байгаад УИХ нь ийм эмх замбараагүй, эмх цэгцгүй бодлогогүй нөхдийг УИХ-д оруулж, хүссэн хүүхэд болгоныг. УИХ-ын гишүүн болгож тоглуулдаг үлгэрийн ордон боллоо. Хоёр нам чинь ийм болчихож. Гишүүн болох мөрөөдлөө биелүүлдэг талбар болж. Бүгдээрээ сайд болох өвчтэй, сайд болчихоод л алтан шар шил зүүх юм. Дээр үеийн дарга нарыг дууриаж байгаа юм гэнэ. Тэр өмсөж зүүх нь ч яах вэ. Гоё  харагдаж байгаа бол, гэхдээ хийж бүтээж байгаа юм алга. Ерэн оноос өмнө оросуудын барьж өгсөн хэдэн хороолол, хэдэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хамгийн сүүлд барьсан 4 дүгээр цахилгаан станц, 3 дугаар цахилгаан станцын өргөтгөл, үүнээс хойш бүтээсэн юм ажил алга. Байсан хэдэн үйлдвэрээ бүгдийг нь өмч хувьчлалаар тарааж, хувааж аваад балгас болгоод, юу ч үгүй үрэн таран болгосон. Хэрэглэгч орон боллоо, үйлдвэрлэгч орон болгож чаддаггүй. Ийм л дүр зураг харагдаад миний хувьд сэтгэл дундуур байна. Улстөрд дан үл бүтэх амьтад шургалжээ. Энийг одоо ард түмэн мэдээд гаслаад байгаа юм. Тийм учраас ямар ч сайхан шинэ жил, цагаан сарын баяр болоод хэрэг алга. Баярлаж наадах хүсэл сонирхол надад алга аа.

- Утаа гамшиг боллоо, Зайсан ч утаатай боллоо?

-Орж ирэлгүй яах вэ, бүх  утааны эх үүсвэр хойд талдаа байгаа юм чинь. Таван шараас Офицеруудын ордон хүртэл, түүнээс хойшоо бүх утаа үйлдвэрлэгч гэр хороолол байгаа.

-Өвөл та гадагшаа очдоггүй юм уу?

-Үгүй, би яваад хаачих вэ. Өвөл утаанаас зугтаад халуун оронд далайн эрэгт жаргадаг хүмүүс байгаа. Хулгайлж, дээрэмдэж олсон мөнгөө бодож сэтгэх, харамсах зүйлгүй үрдэг улс юу ч хийж болно. Зовж олж байгаа мөнгөөрөө хүн тансаглаад байх хүсэлгүй, өөр хийж бүтээх шинэ юм юу байна гэж бодож байгаа улс. Далайн эрэгт хэд хоноод буцаад Монголдоо ирж л таарна. Зарим улстөрчдийн эхнэр хүүхэд, мөнгө данс нь гадаадад байдаг болчихсон. Тэд эх орондоо элэггүй ханддаг.

-“НИК”-ийн Давааням дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулсан гэдэг.

- Давааням гэх хэн юм бүү мэд. Давааням нэртэй хүн олон. УИХ-ын гишүүн байсан С.Баярцогт оруулж ирлээ гэвэл хүмүүс сонирхоно. Наад чинь хүний толгой эргүүлэх гэсэн PR. Оффшорчид бол өөр, бүгд байж байгаа. Уул уурхайн салбар руу хошуу, гараа дүрж хулгай хийсэн улс тодорхой. Монголд орж ирэх ёстой мөнгийг оруулахгүй оффшорт хийсэн болохоос, Монголоос мөнгө гаргаад тийш нь хийчихсэн юм биш. Хүмүүс буруу ойлгоод байх юм. Оюутолгой, Гацууртынхан “Бороо гоулд”-тай ажиллаж байсан Монголын хулгайчид оффшорт мөнгө нуусан байх. Зарсан газар, зарсан ордынхоо мөнгийг нааш нь хил давуулан оруулж ирж болохгүй, баталгаатай ердийн банкаар оруулж ирж чадахгүй. Үүнийг 2008 онд би ярьж байсан. “Хахуулийн мөнгийг байхгүй, гар дээр чинь нэг хоёр саяыг өгч болох юм, бусад мөнгөө оффшорт л хийнэ ш дээ” гэхэд “Оффшорт гэж юу байдаг юм” гээд шоолоод инээлдэж байсан. Тэд оруулж ирж чадахгүй мөнгөө цаагуур оффшорт байршуулаад байгаа. “Айвенхоу майнз”, “Бороо гоулд” тэнд  нь данс нээгээд хауулийн мөнгөө өгч байгаа. Хүмүүс Баяр, Баярцогт, Сайханбилэг, Сүхбаатарын Батболдыг оффшортой гаж харддаг, ортой. Шинээр гарч ирсэн удирдлагууд эдэнтэй хөөцөлдөх сонирхол нэгдүгээрт алга байна, хоёрдугаарт өөрсдөө барьцаалагдсан , хуйвалдсан учраас хөдөлж чадахгүй. Тэс өөр хүн гарч ирж, өөр зохион байгуулалтаар авлигын үндсийг тасална. Орос, Хятадын  арга байна. “Өө манайд оффшорт байхгүй, тийм учраас оффшорын хууль хэлэлцэхгүй” гэдэг ийм  тэнэг улс дэлхийд байх вэ. Төр засагт монгол цустай, монгол сэтгэлгээтэй зоригтой аавын хүүхдүүд гарч ирж байж үүнийг хийнэ. Хуйвалдчихсан МАНАН-гийн хулгайч нар юу ч хийж чадахгүй. Хийх сэтгэл ч байхгүй, худлаа хууль яриад сууна. Хуулийн хүрээнд бол гээд  дүр эсгээд суудаг.

- Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ёстой, системийн гажуудлаас болоод ямар ч сайн ерөнхий сайд ажил хийх нөхцөлгүй болсон гэлцдэг?

-Нэмэргүй гэж олон хэлж байна. Ямар ч Сүх гарч ирээд нэмэргүй. Ерөнхий сайд хийх чадвартай хүн Монголд байхгүй. Одоо 30 дахь ерөнхий сайд гэнэ. 1990 оноос ганц ажил хийсэн ерөнхий сайд бол Пунцагийн Жасрай гуай. П.Жасрай гуайгаас өөр ерөнхий сайд хийж чадсан хүн нэг ч байхгүй. Д.Бямбасүрэн гуайд “Буурал мянгуужин” гэдэг цол өгөөд буулгаж байсан. Да.Ганболд тэр хоёр 20 дугаар тогтоол гаргаж монголчуудын мөнгийг цаас болгосон. Үүнийг хүмүүс мартчихсан байх юм. Ш.Гунгаадорж зурвасхан хугацаанд алба хашсан, юу хийсэн  нь ч мэдэгдээгүй. Дулмаагийн Содном гуай юу ч хийгээгүй, тэгсгээд чимээгүй болчихсон. П.Жасрай гуай хамгийн хүнд үед 1992-1996 он хүртэл ажиллахдаа зах зээлийн эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдлыг дөнгөж эхлүүлээд, тэр үеийн бизнесмэнүүдэд жаахан ойлголт өгөөд хугацаа нь дууссан. Түүнээс хойш АН гарч ирээд дөрвөн жил “цусыг нь хольж”, 2000-2004 онд Н.Энхбаяр гарч ирээд албан тушаал наймаалцдаг, Үндсэн хуулийн “дордохын долоон” өөрчлөлт хийгээд 2000 оны 12 дугаар сарын 14-нд батлуулан, УИХ-ын гишүүн сайд болдог замыг тавьж өгөөд, албан тушаалыг үнэлдэг системийг  тогтоогоод, өөрөө “Авлигын загалмайлсан эцэг” цол зүүсэн. 2004 онд аль ч нам нь олонхи болж чадахгүй, нийлж засгийн газар байгуулаад, 68-н бүлэгтэй болсон. АН, МАН хоёр нийлж яаж Монгол Улсаа тонгордог, хамтарч идэж уудгаа тэр үед хийчихсэн. 2008 онд МАН нь арай илүү юм байна гээд 46 суудал өгөөд , тэр дотор би орсон. Тэгээд энэ УИХ бүтдэггү, бруу юм байна гэдгийг сайн мэдсэн. Элбэгдорж, Батзандан, Магнай энэ тэр турхирч будлиан үүсгээд таван хүний амь үрэгдсэн. Үүндээ бантаад С.Баяр дахиад барьцаанд ороод хамтарсан засгийн газар байгуулсан, С.Баяр дахиад хамт идэж уух нөхцлийг МАНАН –д бүрдүүлж өгсөн хүн. Тэр үед Оюутолгойн гэрээ батлагдаад улсын том хөрөнгийг Айвенхоу майнзтай нийлж будлайнтуулсан хүн бол С.Баяр, Сү.Батболд, Сайханбилэг, Баярцогт, Элбэгдож. Эд Оюутолгойг байхгүй болгосон. Эндээс авах юм байхгүй, дээр нь өр л нэмэгдээд байдаг юм.

90 онд УТТ-ны 9 гишүүнийг үзэн ядаж, нэг намын ноёрхлоос салахын түүс болсон. Яг түүн шиг энэ хоёр намаас салахын хүслэн болж байна.

-Тавантолгойн ордод найдлага тавьдаг, ард түмний өмч болно гэж үзэх хүн байдаг?

-Хэдэн хувийн компани машинд нүүрс аччихаад тоос татуулаад явдаг, цаана хятадууд авахгүй чангалаад, манайхныг доромжлоод... Дуртай үедээ хэдэн машин оруулаад дүргүй үедээ хаачихаад, дургүй  үедээ хаачихаад Худалдааны бодлого үндсэндээ алдагдчихсан. Ху Жинтао, Зян Зэминь өмнөх дарга нартай хийсэн том худалдааны гэрээ үйлчлэхгүй юм. Тэрийгээ мэдэж байгаа хүн ч алга, хятадууд манайхыг худлаа ярьдаг, улстөрчид нь тогтворгүй мэдлэггүй, буурь суурьгүй гээд тоохоо болилоо. Ганзагны наймаачид хэл дамнаж, жаахан наймаа хийж байна. Улсын чанартай, том бодлогын худалдаа явагдаж байгаа юм алга. Монголын хэдэн хувийн компани, хятадын хэдэн хувийн компани холбогдох гэж үзээд байдаг. Мэргэжлийн хяналт, хил гаалийнх нь хэдэн хахууль харсан нөхөд. Тэрийг хянадаг хяналтын систем алга, “хүүе хаая” гэж байгаа хүн алга. Төрийн бодлого гэж үндсэндээ юу ч алга. Би хоёр төрийн нүүр үзлээ. Хуучин засгийн үед төрийн захиргааны байгууллагад ажиллаж байлаа. Дараа нь хувийн секторт хэсэг ажиллаа. Дараа нь зах зээлийн үед төрийн ажилд очоод ой гутлаа. Хүний үгийг тооддоггүй, улстөрийн том бүлэглэл энэ улсыг нөмөрч дууслаа. Манай монголчууд бор зүрхээрээ л амьдарч явна. Хэдэн бизнес эрхлэгч нь төрийн хэдэн авлигчдад тал засаж, олсон хэдэн төгрөгөөсөө хувь өгч, худалдаа наймаагаараа л явж байна. Мөнгө олж босгоод хот аймаг, сумыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө байхгүй. Метро, усан цахилгаан станц барина ч гэх шиг шал худлаа ярина. Манай монголчууд жижиг зүйлээс илүү том мэхэнд амархан хуурдах юм. Төр байгаа, төрийн хүн ярьж байна гэж хууртаад, нөгөөх нь ард олноо огт бодохгүй. Ард түмэн 30 жил хууртагдаж хөөтэй тогоо үүрч давхилаа, одоо жаахан юм бодоод байх шиг байна. Нэг цикль ч болж байна. 1990 онд улс  төрийн товчооны есөн гишүүнийг үзэн ядчихсан, нэг намыг ноёрхлоос салахын түүс болчихсон байсан. Яг түүн шиг одоо хоёр намаас салахын хүслэн болж байна. Муу ч бай, жижиг ч бай, нэг улс байна, гуравдагч хүчин гарна  Ард түмэн хүсэн хүлээж байна. Өмнө нь 1985-1990 оны хооронд иргэд ийм болчихсон байсан юм. Системийн өөрчлөх, удирдлагаа өөрчлөх туйлын хүсэлтэй байсан. Одоо энэ телевизээр гарч байгаа улс төрд удчихсэн хүмүүс гаргахаар уурлаж сувгаа сольж байна. Лүндээжамцан, Нямдорж, Энхболд, Оюунхорол гараад ирэхээр хараад л уурлаж байна. Улс төрчидтэй холбоотой гэмт хэргийг мэдээ явах юм. Хүчингийн хэрэг хийлээ, мөнгө идсэн байна гэж гарах юм. Улс төрч эмэгтэй ч ялгаагүй, эрэгтэй ч ялгаагүй. Гарамжав ингэж иджээ, Сарангэрэл эрүүл мэндийн яамыг ингэж баллажээ  Арвин, Амарзаяа гэж гарч байгаа биздээ. Ёс зүйгүй улс цугласан болохоор хүний дургүй хүрээд байна. Хүний нүдэнд дулаахан, сайхан инээмсэглэсэн дөлгөөн монголын төлөө зөв сэтгэлээр ажиллаж байгаа хүн гарч ирвэл өөр шүү дээ. Олон хүмүүстэй уулзаж байна. Яаж улсыг удирдан жолоодох, манлайлж чадах хүмүүсийг олох вэ. Үнэн ба зөв хүмүүс хаана байна гэж ярьж байна. Монголын заяа хаячихааргүй зөв хүмүүс гарч ирнэ. Муу цагийн хүмүүс ноёлох 30 жил байждээ. Зах зээлийн эдийн засаг, социализм хоёрыг далимдуулаад хэсэг бүлэг хүмүсс энэ 30 жилд хожлоо. Үлдсэн иргэд нь бор зүрхээрээ, тархиныхаа багтаамжаараа ажиллаж байна. Ах дүү нар нь нэгнээ дэмждэг онцлогтой болохоор гадаад ажиллахаар гарсан ах дүү нь байнга мөнгө төгрөг явуулаад, энд байгаа ажилгүй аав ээж, ах  дүү нар нь тэрүүгээр нь гол зогоож байна.

-Энэ оноос татвар нэмсэн?

-МАН-ын мөрийн хөтөлбөртөө ямар ч татвар нэмэхгүй гэсэн. Татвар нэмэх нь битгий хэл үе шаттайгаар бууруулна гэж амалсан нь байхгүй. Худлаа хий амлаад гараад ирчихсэн, ирээдүйг тооцоолдоггүй улс зөвхөн сонгуульд намаа аварч үлдэхийн тулд худлаа ярьсан. Намтайгаа л байх гээд байна, тэрнээс биш хүн ардын амьдрал огт падгүй. Намаа авраад үлдчихсэн байгаа биздээ. Нам дотроо эрх мэдэл, суудлаа булаацалдаад авч хаяаад. Нэг жил зургаан сарын хугацаанд ээлжилж бие биенээ томилж, авч хаясаар байгаад цаг авлаа. АН тийм л байсан. Муу хүмүүс төрийн толгойд гарч, тиймээс ард түмний амьдрал дээшилсэнгүй. Бизнес эрхлэж байгаа хүмүүс ямар ч урам зориг алга, ирээдүйдээ итгэж байгаа юм алга. Татварт гайгүй мөнгө өгдөг, ажлын байр олноор бий болгож байсан. 2400 гаруй компани дампуурж алга боллоо. Одоо өгч байгаа хэдээ нэмээд татвараар дарамтлаад байх юм бол иргэний дайн дөхнө гэсэн л өг. Ард түмэн 1990 онд яаж босож ирлээ, тэр үе дөхөж байна. Татвар нэмэх таслал ингэж худлаа ярих нь тэр хугацааг хурдтай наашлуулж байна.

 -Хот руу ирэх шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэр зөв үү?

-Тэрийг хүчээр,  бяраар хийдэг ажил бишээ. Айл нүүгээд ирж л байна, ирнэ ш дээ. Гэрээ ачаад ирж байгаа хүнийг хот руу оруулахгүй гэх үү. Наадах чинь хүмүүсийг хуурдаг худлаа яриа.

      Болдоггүй төртэй, урагшгүй улс төрчидтэй олон жил явбал бусдын идэш болноо.

 

-Утааг шийдэх арга иргэдээ орон сууцжуулах гэдэг. Зарим нь жинхэнэ утаагүй монгол зуух  гаргана, өмнөх нь муу байсан гэж мэдэгдлээ?

-Ийм үнэтэй, дамын орон сууцыг хэн авах юм бэ. Авъя гэсэн ч мөнгө байхгүй, оруулах зохицуулалт, зохион байгуулалт хийгээгүй төр, ард иргэддээ орон сууц барьж өгөх хэрэгтэй. Тэр үүргээ эд нар буруу хийж байна. Социализмийн үед зөв хийж байсан. Төр мөнгөөрөө орон сууц барьж өгөөд, үнэгүй ор гээд, орсон өдрөөсөө мөнгөө төлж явсан. Урьдчилгаа авдаггүй байсан. Албан байгууллага, дүүрэг районуудад хувиарлаад, айлууд орлоо, мөнгөө төлөөд явна. Одоо урьдчилгааны мөнгө өгөх хүн алга. Тэр нь хүүтэй, бүх юм үнэтэй, тэгээд хүүтэй, бүх юм ломбард болчихсон. Яаж залуучууд орон сууц авах юм бэ. Шинэ гэр бүл болсон 22-23 насын залуу нэг хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, энэ айл хэзээ, яаж орон сууц худалдаж авах юм бэ. Орон сууцыг үйлдвэрлэж бариад иргэддээ өгөх үүрэгтэй. Тэрийг эд нар хийж чадахгүй. Ахмадад ч орон сууц барьж өгөх үүрэгтэй. Оюутолгой, тавантолгойгоос мөнгө орж ирсэн бол, энэ хоёр толгойгоор монголыг хөл дээр нь босгох бүрэн бололцоо байсан ч чадсангүй. Солонгос, Сингапур хоёр 30 жилийн хугацаанд хөгжөөд, дунд түвшнээс дээш дээд түвшинд очсон. БНСУ 15 жил, Сингапур 18 жилийн дотор л боссон. Гэтэл манайх 30 жил болчихоод байхад бахь байдгаараа, уруудаад утаан ихсээд, улс төрчид чуулганыхаа танхимдаа хулгайчаараа дуудалцаад сууж байна. Улс төрчдийн ёс суртахуун нь дориотлоо. Том төлөвлөгөө боловсруулж 280 мянган айлыг орон сууц бариад, эмнэлэг сургууль, зам талбай тохижилт бүх юмтай нь хийх ёстой. Сайн төлөвлөгөө боловсруулж чаддаг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байж, олж сонгоод гаргаад ирэх юм бол 8-10 жилийн дотор Монгол Улс Улаанбаатар хот хөгжих бололцоо бүрэн бий. Бодлоггүй төртэй, урагшгүй улс төрчидтэй олон жил явбал бусдын идэш болноо.

-Үнэн ба зөв намын ард таныг байгаа гэх юм?

-Ажил хийж байгаа залуучуудыг дэмжиж байгаа. Намын даргадаа гол нь биш, өөрийнхөө хувь улстөрөө хаясан. Ардын намдаа байгаад, УИХ-д нэр дэвшээд дотор нь яваад байж болох байсан. Би тэгэхгүй. Монголд гадаадад дотоодод сургууль төгссөн, өндөр боловсролтой зүтгэлтэй, эх орноо өөрчлөн байгуулах зүрх сэтгэлтэй олон залуучууд байдаг юм байна. Ажил хийдэг боловсорсон залуучуудыг цуглуулж тэдэнтэй ажиллаж байна. Зургаан сар зүтгэж байж, УДШ-д бүртгүүлсэн. Манайхан хуулийн дагуу гэж ярьдаг даа, тэрэн шиг хуулийн дагуу бүртгүүллээ. Үнэн ба зөв намын залууст итгэж байна. Гэхдээ цүнх барьж,  мөнгө барьж гүйдэг улсыг  бэлдмээргүй байна. Би хуучин нам, эвлэлийн үүрийн дарга хийж явсан. Би дарга болохдоо биш, манлайлагч байж, энэ хүүхдүүдэд зөв үлгэр үзүүлэхийг  хичээж байна. Надаас ирж юм асууж, зөвлөгөө өгдөг. Улсын мөнгө яаж иддэг тухай би өөрөө мэдэхгүй болохоор тэр тухай заахгүй, мэддэг байсан ч заахгүй. Улс орныг зөв удирдан зохион байгуулж, баг болж удирдаж, гурван сая хүн амтай том газар нутагтай геополитикийн хувьд хоёр том дунд оршин байгаа энэ улсыг яаж хөгжлийн зөв замд оруулах вэ, яаж ажиллах вэ гэдгийг нэг ёсондоо зааж байна. Манайхан маск, углаашаа ч үйлдвэрлэдэггүй, жаахан валютаа гадаар руу өгчихдөг хэрэглэгч улс боллоо. Одоо бүтээгч улс болох ёстой. Засгийн газар инээдтэй юм ярих юм. “Бид тэндээс тэдэн төгрөг олж ирлээ” гэдэг. Тэр өр зээл. Тэр мөнгөөрөө бүтээн байгуулалт, дэд бүтэц, эргэж зардлаа нөхөх ажил хийхгүй. Багш нарт цалин урамшуулал, тэтгэвэр тэтгэмж болгож өглөө, данхайсан төрийн албан хаагчдаа цалинжуулаад дуусна. Барьж байгаа юм нь гишүүдийн тойрогт 2 давхар цэцэрлэг, сургууль сум болгонд барьсан нэртэй дутуу босгоод хаяад байдаг. Сангийн яам арай гэж халтар хултар юм оруулаад ирэхээр, 76 чинь 76 хэсэг тайрч хаяад өөрийнхөө тойрогт сургууль барих нэртэй, тендерүүдээ өөрсдөө аваад, сургуулийн хүүхдэд хөнжил гудас, цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх жижиг сажиг  худалдан авах гэрээг бүгдийг нь энэ 76 өөрсдөө аваад сонгуульд гүйсэн нөхөддөө тендер болгоод өгчихдөг. Төсвийн мөнгө үрэн таран болж байна. Муу хэлүүлж байгаа хятадууд биеийн тамирын ордон тусламжаар барьж өглөө. Яармагийн гүүр, Нарын замыг япончууд тусламжаар барьж өглөө. Тусламжийн мөнгөөр нисэх онгоц барьж байх шиг байна. Хаана гэлээ нэг халуун ус барьсан чинь Засаг дарга Хотын дарга, сонгогдсон гишүүд нь оччихсон туузаа булаацалдаж байна гэсэн. УИХ-ын долоон гишүүн очсон байна гэсэн. Ийм дампуу юм ярихаас дургүй хүрч байна. Энэ 30 жилийг будлаинтуулсан муухай явдал МАН,  АН-тай холбоотой.

Ирж байгаа цагийн сайхан үйл явдал шинэ байгуулагдсан намтай холбоотой. Шинээр ямар нам гарч байна, үйл ажиллагааг нь анхаарч дэмжээрэй. Нэг нэгдмэл Монгол улсаа хөгжүүлье. Энэ  хоёр нам хоёр хуваачихаад, хооронд нь зодолдуулаад дээгүүрээ хувааж идэхээ болохоор нэг болчихоод байна. Гадны дайснаас илүү дотоод дайсан илүү аюултай. Нэг зүстэй, нэг ястай улс эх орондоо дайсагнасан үйл ажиллагаа явуулах хэцүү юм. Сонгох эрх ард түмний гарт бий. Ард түмэн минь нэг арга хэмжээ авах цаг болжээ.

Эх сурвалж: Сэрүүлэг сонин

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
7
close