Б.Бахытгүл: УИХ-ын гишүүн гэхээр л бусдыг дээрэлхэж, ёс зүйгүй авирлах эрхтэй байдаг юм уу
  #   ЯРИЛЦЛАГА   2018-01-17 10:35:57

УИХ-ын гишүүн Д.Мурат иргэн Б.Бахытгүлыг олон удаа дарамталж, доромжилсон гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар уг хэргийн хохирогч Б.Бахытгүл түүний ар гэрийнхэнд болсон явдлыг тайлбарлаж, ямар нэг арга хэмжээ авч өгөөч гэж гуйсан боловч хэргийг нуун дарагдуулахыг хүссэн байдаг. Тиймээс тэрбээр арга буюу хуулийн байгууллагад хандсан юм. Ингээд Б.Бахытгүлтэй ярилцсанаа хүргэе.

-УИХ-ын гишүүн Д.Мурат та хоёрын дунд үүссэн асуудлыг улстөрийн тоглоом. Үүний золиос нь Д.Мурат боллоо гэх яриа сүүлийн хэдэн өдөр эрчээ авч байна. Үнэн эсэхийг шүүх байгууллага тогтоох биз. Хамгийн гол нь та энэ хэргийн эцсийг үзэхийн төлөө тууштай тэмцэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Эцсийг нь үзэхийн төлөө явна. Хэрвээ Д.Мурат гишүүн эрх мэдлээ ашиглаж, шүүх засаглалд нөлөөлөх гэж оролдвол Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Яагаад гэхээр энэ хүн өөрөө ёс зүйгүй үйлдэл хийсэн. Тэгсэн атлаа намайг болон миний гэр бүлийг доромжилсон.

Ард түмний сонголтоор Их хурлын гишүүн болсон юм бол ухамсартай байх ёстой биз дээ. Гэтэл тэр хүнд тийм ухамсар алга. Өнөөдөр охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгая гэж эрх баригчид ярьж байна. Д.Мурат гишүүн ч гэсэн өөрөө ингэж ярьж байгаа харагдсан. Тэгсэн атлаа яагаад намайг удаа дараа зодож байгаа юм бэ. Би эмэгтэй хүн биш юм уу. Түүний энэ үйлдэл монгол эмэгтэйтэй хэн ч, яаж ч харьцаж болно гэдэг буруу ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Д.Гантулга гишүүний хувьд ч, Д.Мурат гишүүний хувьд ч ялгаа алга.

УИХ-ын гишүүн гэхээрээ хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийж болдог юм уу. УИХ-ын гишүүнтэй хоЛбоотой хэрэг гэхээр л зохиомол, эвлүүлэг байдаг юм уу. Тэгвэл УИХ-ын гишүүдийн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлага, цахим сүлжээнд бичсэн постууд бүгдээрээ эвлүүлэг болж таарах нь ээ. Өнгөрсөн оны долоодугаар сард намайг зодсон. Тэр үед нь орон нутгийн Ардчилсан намынхан болон ар гэрийнхэнд нь хэлсэн. Гэтэл миний ээжийг доромжилсон.

Хүн чанарынхаа үүднээс “Ээжээс минь уучлалт гуйчих” гэж би гуйсан. Даанч уучлалт гуйгаагүй. Энэ асуудлаа тогоон дотроо шийдье гэж их бодсон. Өөрөө ч тэгж гуйсан. Гэтэл хагас жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд өмнө нь хэлсэн үгээсээ буцаж, харин ч дахиад доромжилж зодсон. Энэ хэргийн талаарх мэдээлэл нийгэмд цацагдсанаас хойш хэн нь хохирогч вэ гэдэгт иргэд талцаж байна.

Хэрвээ энэ байдал даамжирвал Монгол, Казах гэсэн хоёр үндэстний дунд хагарал үүсгэхийг үгүйсгэхүй. Одоо бүр AH, МАН хоёрын хоорондын дайн мэтээр ярьж байна. Ингэх ямар шаардлага байна. Би насаараа эрдмийн мөр хөөсөн хүн. Хувь хүний эрхийн үүднээс дотоод итгэл үнэмшлээрээ аливаа зүйлд ханддаг Улс төрийн хувьд ч ялгаагүй. МАН-ын нэрийг харлуулж, гүтгэх нь өрөөсгөл зүйл.

Яагаад гэхээр Д.Мурат гишүүний нүцгэн зургийг улс төрийн аль нэг намын гишүүд надад өгөөгүй. Энэ утгаараа улс төрийн намын хоорондын асуудал огт биш. Зөвхөн Д.Мурат гишүүний өөрийнх нь ёс зүйн асуудал юм шүү дээ. Энэ хүн 60 настай. Би 35 настай. Надад өөрийнхөө аав шиг хүнтэй уулзах шаардлага байхгүй. Өөрийнх нь ярьж, хэлсэн болгоныг цахим сүлжээнд байршуулсан.

Намайг “Мөнгө өг, ажилд оруулж өг” гэж дарамталсан гэж ярьсан байна лээ. Ингэж худал хэлэхээсээ ичих ёстой. Ядаж л насаа бодох хэрэгтэй.

-Казахуудыг охид, эмэгтэйчүүдээ маш их хүндэлж харьцдаг гэж хүмүүс боддог байсан. Энэ явдлаас хойш иргэдийн бодол өөрчлөгдөж байгаа юм шиг харагдсан?

-Нийгэмд ийм л муухай үлгэр дуурайлал болж байна шүү дээ. Казахуудын хувьд охидоо харийн хүнд өгдөггүй эртний уламжлалтай. Тэр битгий хэл нөхөрт гарахаасаа өмнө бэлгийн харилцаанд орохыг цээрлэдэг.

-Гэтэл таны өгсөн мэдээлэлд нэр бүхий УИХ-ын гишүүнийг Баян-Өлгийд очих үеэр хоёр казах охиныг бэлэглэсэн гэх зүйл дурдагдсан байсан. Таны хэлснээр ч, иргэдийн ойлгодгоор ч иймэрхүү асуудалд танайхан хатуу ханддаггүй гэж үү?

-Казах ард түмний ёс заншил гэж том шинжлэх ухаан бий. Ёс заншлаа маш их дээдэлдэг. Гэтэл сүүлийн үед яагаад ийм ёс зүйгүй үйлдэл гарах болсон бэ гэхээр бүх зүйлийг мөнгөөр үнэлж, мөнгөөр шийдэхийг хүсэгчид нийгэмд олширсонтой холбоотой. Үүний нэг жишээ нь Д.Мурат гишүүн. Над руу “Чи бол 35 настай хөгшин авгай. 200 мянган төгрөгөөр зугаа гаргах Монгол охид олон байна” гэж бичсэн.

Энэ нь мөнгийг хэт шүтсэн, мөнгөөр аливаа асуудлыг шийдвэрлэдэг, хуулийн байгууллага нь мөнгөтэй хүний өөдөөс дуугарч чадахаа больсон гэдгийн илрэл. Тиймдээ ч энэ мэт хүмүүс бусдын эрх, эрх чөлөөг уландаа гишгэлж байна. Казах охидыг зуучилсан, гавьяат төрүүлэхэд оролцсон гэдгийг би “үнэрлээд” мэдэхгүй. Харин Д.Мурат гишүүн над руу мессежээр хэлсэн. “УИХ-ын энэ гишүүн халамцуу байсан, зуучилсан гурван охины зураг байсан, архи ууж дуулж, бүжиглэсэн" гэдгийг утсаа алдсан үедээ надад хэлсэн.

-Ямар учраас таныг зодсон юм бэ?

-Над руу байнга элдэв янзын мессэж илгээдэг байсан юм. Тэгэхээр нь үүнийгээ болихгүй бол хуулийн байгууллагад хандана шүү гэтэл зодсон. Зодсоныхоо дараа ууттай мөнгө өөрийн биеэр авчирч өгсөн. Үүнийг нь авахгүй гэсэн. Гэтэл “Би танай охиныг хотод ажилд оруулж өгье. Та нар хуулийн байгууллагад хандсан ч гэсэн би хохирлыг нь төлнө. Гэхдээ одоо бэлнээр нь төлчихье. Энэ мөнгөөр эмчилгээ хийлгэнэ үү, яана уу өөрсдөө мэд” гэсэн.

-Танд хоёр удаа мөнгө өгсөн гэсэн байх аа?

-Эхний удаагийнх нь энэ. Дараа нь энэ сарын 5-ны өдөр мөнгө авчирч өгсөн.

-Сошиалд нүцгэн зураг нь цацагдсаны дараа гэсэн үг үү?

-Яг тийм.

-Хэдэн төгрөг өгсөн юм бэ?

-Би сайн мэдэхгүй байна. Өөрсдөө бараг 60 сая төгрөг байгаа гэсэн.

-Үүний өмнө 60 сая төгрөг өгөх гэж оролдсон гэл үү?

-Тийм. Гэхдээ би нэг ч төгрөг аваагүй шүү. Гэхдээ ингэж ярьсан. “Энэ зураг бол эвлүүлэг. Өөр хүний эрхтэн” гэдгийг гараараа бичээд ег гэсэн. Тэгэхээр нь “Би тэгж худлаа хэлж чадахгүй ээ” гэж үнэнээ хэлсэн. Хэрвээ надад мөнгө сонин байсан бол эхний удаагийнх нь мөнгийг авах л байлаа.

-Тэр үед та хоёр тохиролцоонд хүрсэн юм биш үү?

-Уг нь асуудлыг эв эеэр шийдэх гэж их хичээсэн. Намайг хэл амаар доромжлохгүй, надаас хол байвал ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг биз дээ. Би эх хүн, эмэгтэй хүн. Надад нэр төр, эрхэмлэдэг зүйл гэж бий. Тийм байхад би хэзээ ч ийм ёс зүйгүй, уваагүй үйлдэл хийхгүй. Тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын IV хэлтэст “Энэ хүн миний нэр төрд халдаж, зураг хөрөг дэлгэх гэж байна. Би айж байна” гэсэн гомдол гаргасан юм билээ.

Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр би 2017 оны арваннэгдүгээр сард Ёсзүйн хороонд Д.Мурат гишүүний талаар гомдол гаргасан юм. Үүний өмнө Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон орон нутгийн Ардчилсан намд гомдол гаргасан юм. Гэтэл эдгээрийн алинаас нь ч огт хариу өгөөгүй. Тэгэхээр нь хэд хэдэн сайтад хандахад тэд мэдээ гаргасан юм.

Үүний дараагаар С.Эрдэнэ даргыг над руу яриулахад “Наад асуудлаа хоорондоо шийд” гэсэн. Дараа нь намайг Эрүүгийн цагдаагийн газраас дуудахаар нь өмгөөлөгчийн хамт очиж бүх нотлох баримтыг хүлээлгэж өгсөн. Маргааш нь “Д.Мурат гишүүн тантай уулзана гээд байна. Та хоёр учраа олох уу” гэхээр нь өмгөөлөгчийн хамт очсон. Энэ үеэр эвлэрлийн гэрээ хийсэн.

Ингээд “Арванхоёрдугаар сарын 23-нд Баян-Өлгийд очно. Тэгэхдээ танай гэр бүлээс уучлалт гуйя” гэсэн.

-Уучлалт гуйсан уу?

-Юун уучлал гуйх. Харин ч эсрэгээрээ элдвээр доромжилсон. “Танай гэрт очихгүй, чи надаас юу ч олж долоохгүй" гэж хэлсэн хүн дээ. Би түүнээс мөнгө гуйсан юм уу. “Намайг тайван байлгаач, ээжээс минь уучлалт гуй” гэж л хүссэн. Энэ тийм хэцүү зүйл гэж үү. Гэтэл тэр хүн мөнгөөр шийдэх гэж удаа дараа оролдсон. Надад мөнгө чухал биш. Намайг элдвээр хэлж, уучлалт гуйхгүй гэхээр нь “Өөртэй чинь холбоотой материалыг сэтгүүлчдэд өгсөн байгаа. Надаас эвлэрсэн эсэхийг байнга асуудаг'’ гэж хэлсэн.

Сэтгүүлчид “Та хоёр эвлэрсэн үү” гэж байнга асуудаг байсан юм, тэр үед. Тэгэхээр нь “Удахгүй эвлэрнэ. Асуудлыг эв эеэр шийдэхийг хичээж байна” гэж хариулдаг байсан. Үнэн л юм чинь. Дараа нь шинэ жил боллоо. Энд тэндхийн шинэ жилд орж яваа сураг дуулдсан. Гэтэл хүү нь “Өмнө нь чамд мөнгө өгсөн. Энэ багадаад байна уу” гэх зэргээр над руу олон удаа мессэж явуулсан. Нэгдүгээр сарын 3-ны өдөр өнөөх зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ.

-Та сэтгүүлчдэд өгч, сайтад гаргуулсан юм уу?

-Анх мэдээ тавиулах гэж хандсан сайтын сэтгүүлчдэд өгсөн байсан юм. Түүнээс биш одоо нийтэл энэ тэр гэж огт хэлээгүй. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Бүх баримт байхад “Эвлүүлэг, наркозтой байхад нүцгэн зураг дарсан" гэж ярьсан байна лээ. Ичдэггүй юм байх даа. Над руу ичимдэг эрхтнийхээ зургийг явуулахад нь үнэндээ бараг ичиж үхэнгээ алдсан. Ийм арчаагүй, ёс зүйгүй байж болохгүй биз дээ.

-Хэрэг явдал даамжрахаас өмнө та гар утасныхаа дугаарыг солих, фэйсбүүкд блок хийх зэргээр холбоо барих арга замыг нь хааж болоогүй юм уу?

-Фэйсбүүк, вичатыг нь блок хийсэн шүү дээ. Гурван дугаарыг нь ч бас блок хийсэн. Гэтэл 9512-тай дугаар шинээр авсан байна лээ. Үүнээсээ над руу элдэв янзын мессэж явуулахаар нь бас блок хийсэн. Дараа нь дахиад шинэ хаягаас орж ирсэн. Бас л блок хийсэн. Энэ мэтчилэн аль болох холбогдохгүй байх арга хэмжээ авсан.

Би гар утасныхаа дугаарыг яагаад солих ёстой гэж. Бүхэл бүтэн 10 жил ашигласан дугаар.Улаанбаатарт байгаа гэр бүл, найз нөхдөөс эхлээд Казахстанд байгаа хамаатнууд маань бүгд энэ дугаарыг мэднэ. Надтай энэ дугаараар л холбогддог.

-Ийм асуудлыг нийгэмд дэлгэхэд эмэгтэй хүнээс маш их золиос шаарддаг. Ядаж л таны хүүхэд өсвөр насных. Сэтгэл зүйд нь нөлөөлөхөөс эхлээд гадуурхалд өртөх эрсдэлтэй. Та энэ эрсдэлийг тооцож үзсэн үү. Хүүтэйгээ зөвлөлдсөн үү?

-Зөвлөлдөлгүй яах вэ. Д.Мурат гишүүний явуулсан бүх зургийг үзүүлсэн. Хүү бид хоёр 2010 оноос хойш хоёулхнаа амьдарч байна. Миний ганц тулах түших багана юм шүү дээ. Яг л миний хань, нөхөр шиг байдаг. Болсон явдлыг хүүдээ хэлэхэд “Би Д.Мурат гишүүнтэй уулзаж, ярилцмаар байна. Яагаад таныг, биднийг ингэж доромжилж байгаа юм бэ. Зээлээр авсан байрыг хүртэл авч өгсөн гэж худлаа хэллээ. Яасан муухай хүн бэ” гэж хэлсэн. Тэр үед би өөрийнхөө гаргасан шийдвэртээ харамсахад хүрсэн.

Гэхдээ тэр хүний доромжлол эцэс төгсгөлгүй байсан болохоор л ийм шийдвэрт арга буюу хүрсэн. Үүнийг хүмүүс бага боловч ойлгоосой гэж хүсмээр байна. Чи бод л доо. Хүү бид хоёрын цахим хуудаснаас бидний зургийг зөвшөөрөлгүй авч, энд тэндхийн хуудсанд янз бүрийн тайлбартай байршуулж байна. Хүү маань 16 настай. Өсөж өндийж яваа хүүхэд. Дотроо юу гэж бодож, яаж гомдож явааг би сайн мэдэхгүй шүү дээ. Хүүхдийн зургийг ашиглах ямар шаардлага байна аа. Ийм байж болохгүй биз дээ. Намайг доромжлох тусам би бүх баримтыг дэлгэнэ.

-2004 оны шүүхийн тогтоол сошиалд цацагдсан. Үүнд таныг хуучин нөхрөө мэс ашиглаж хоёр удаа гэмтээсэн гэсэн байна лээ. Үнэхээр ийм зүйл болсон юм уу. Үгүй бол та үүнийгээ баталж чадах уу?

-Ийм зүйл огт болоогүй. Би 100 хувь баталж чадна. Хүүгийн маань аав 2014 онд өвчний улмаас нас барсан. Гэтэл нас барсан хүний ясыг өндөлзүүлэх ямар хэрэг байна. Ийм зүйл бичсэн хүмүүс нь Ардчилсан намын хоёр хүн байна лээ. Цагдаагийн газарт шалгуулах гээд өгсөн. Өчигдөр (уржигдар) орон нутгийн шүүхэд ийм зүйл болоогүй байхад яагаад ийм мэдээ цацагдав гэж хандсан.

Хүүгийн аавын хувьд бид таарч тохироогүй учир салсан. Дараа нь тэр хүн хоёр дахь амьдралаа зохиосон. 2014 онд өвчний улмаас нас барсан юм шүү дээ. “Үхсэн хүн үг хэлэх биш” гэж бодож намайг элдвээр хэлж болно гэж бодож байх шиг байна. Тэгвэл үгүй шүү. Намайг ямар бэр байсан бэ гэдгийг хадмууд маань гэрчилнэ. Тэд Казахстанд амьдардаг. Хэлэх үгээ холбогдох шугамаар дамжуулах байх.

-Д.Мурат гишүүн та хоёр өмнө нь эр, эмийн харилцаатай байсан гэх мэдээлэл байна лээ?

-Би хаана ч гэрчилж чадна. Хэзээ ч тийм зүйл байгаагүй. Гэхдээ намайг аргандаа оруулах гэж олон удаа янз бүрийн арга хэрэглэсэн хүн шүү дээ.

-Та хоёр хоёулхнаа болзож байсан уу. Хоолонд орох ч юм уу?

-“Энд уулзъя, ийм хүнтэй танилцуулъя” гэсэн зүйл олон удаа бичиж байсан. Гэхдээ би нэг ч удаа очиж байгаагүй. Яагаад гэвэл тэр хүн хэдэн настай хүн билээ. Эцэг шигээ хүнтэй нэг оронд орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Миний санаанд лав буухгүй байна. Би өөрийнхөө хүчээр өдий хүрсэн. Эрдмийн цол зэрэгтэй. Боловсролын салбарт олон жил ажиллаж байна.

Д.Мурат гишүүний хүүгийнх нь барьсан барилгаас байр худалдаж авсан. 20 жилийн хугацаатай банкны зээл шүү дээ. Урьдчилгаа төлбөрөө би өөрөө төлсөн. Ээж маань батлан даагчаар орсон. Хэрвээ би мөнгөний шуналтай хүүхэн байсан бол магадгүй түүнтэй явалдах л байсан байх. Гэвч надад тийм санаа байхгүй нь сайхан юм даа.

-Солонгос Улсад та олон улсын бага хуралд суухдаа яагаад Д.Мурат гишүүнтэй уулзсан юм бэ. Та өөрөө дуудсан юм биш үү?

-Би дуудсан гэж үү. Яалаа гэж дээ. Өдөр бүр янз бүрийн утаснаас мессэж бичдэг байсан юм. Аймгийн Засаг дарга, хуульч хүүхний хамт Солонгост очсон юм билээ. Би үүнийг нь тухайн үед мэдээгүй. Дэлхийн 50 орны төлөөлөгчдийн хамт хүний эрхийн сургалтад өдөр, шөнөгүй суусан. Гэтэл “Засаг дарга чинь чиний араас чинь очсон байна. Сайхан байна уу" гэхээр нь “Уучлаарай, би мэдээгүй юм байна. Би завгүй байна” гэсэн. Дараа нь “Солонгост ирчихлээ. Буудлынхаа хаягийг явуул” гэхээр нь хариу егөөгүй. Элдэв мессэж бичээд байхаар нь “Таныг буудалдаа урих шаардлага надад байхгүй. Харин гадуур хоолонд орж болно” гэсэн. Ингэж л уулзсан.

-Тэнд хэр удсан юм бэ?

-Д.Мурат гишүүн есдүгээр сарын 14-нд очоод 16-ны өдөр бидэнтэй хамт буцсан. Тэр үедээ Инчоны нисэх буудал дээр гар утсаа алдсан юм. 17-ны өдөр нь миний гар утсыг булааж авах гэж намайг дахиж зодсон.

-Энэ хэргийг одоо цагдаагийн аль хэлтэст шалгаж байгаа вэ?

-Өмнө нь би Цагдаагийн мөрдөн байцаах газарт гомдол гаргасан юм. Гэтэл хэрэг болсон газарт харьяалах ёстой гэж Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт хэргийг шилжүүлсэн.

-Ийм хэрэг болохоос өмнө та хоёрын таарамж хэр байсан юм бэ?

-Д.Мурат гишүүн жадиг овгийн хүн шүү дээ. Хүүгийн аавтай нэг овог гэсэн үг. Энэ утгаар нь хадам ах, нутгийн гишүүн гэж хүндэлдэг байлаа. Ажлынх нь зарим материал орчуулж өгсөн. Туслахаар нь дамжуулж “Муратын бүтээн байгуулалт” гэж хүртэл бичиж өгч байлаа. Ийм л харилцаатай байсан. Сүүлийн үед түүнтэй холбоотой ноцтой баримт их ирж байна. Бусдын газрыг булааж авч барилга барьсан, тендертэй холбоотой олон материал бий. Шаардлагатай үед нь дэлгэнэ.

-Та ирэх долоо хоногт Улаанбаатарт ирнэ гэсэн үү?

-Өлгий дэх ажлаа цэгцэлчхээд хотод очиж, хэвлэлийн бага хурал хийнэ. Тэгэхгүй бол “Та нар Б.Бахытгүлийн өөрөө ярьж байгааг харсан юм уу. Наадах чинь намайг шантаажилж мөнгө авах гэж байгаа юм” гэж байна лээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
2
2
close