Өнөөдрийн биш ирээдүйн ХЯТАД хүнээс л айх хэрэгтэй
  #   ОНЦЛОХ МЭДЭЭ   2018-01-26 10:03:32

Хятад хүн бурханд мөргөхдөө БУРХАН МИНЬ НАДАД МӨНГӨ ХАЙРЛА! гэх юм.

Насаараа бурханаас АВЛАГАТАЙ юм шиг

Монгол хүн бурханд мөргөхдөө БУРХАН МИНЬ НАМАЙГ ӨРШӨӨ! гэх юм

Насаараа бурханд ӨРТЭЙ юм шиг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Дэлхийн гурав дахь том гүрэн болох өнөөгийн Хятад улсын түүх арвин. НТӨ 221 онд анхны төрт улс буюу Чинь гүрэн байгуулагдаж, БНХАУ хэмээн дэлхийд тунхаглагдсан нь 1949 он юм. 9,6 сая км2 нутаг дэвсгэртэй, хүн ам нь 2012 оны байдлаар нэг тэрбум 350 сая хэмээн тоологдож байжээ.

Хятад хүнийг хөдөлмөрч, зоримог, билиг оюун төгс гэж олонтаа ярьдаг боловч, 1980 онд Бао Яны “Муухай хятад хүн” ном хэвлэгдэн гарах хүртэл муу талыг нь огтоос ярьж байгаагүй аж.

Харин Монголчуудын дунд хятад хүн, хятад улс хэзээнээсээ л муу нэртэй, луу данстай байсан. 21-р зуун гарсаар Хятад улс дэлхийн улс гүрнүүдийн хувьд жинхэнэ шүдний өвчин болжээ. Гэлээ гээд хятад бараа, хятад хүнс хэрэглэхгүй байна гэдэг бараг л боломжгүй. Ялангуяа манай оронд бүр ч боломжгүй. Үерхэл нөхөрлөлийг ихэд чухалчилдаг, амьдрал нь яаж ч уруудаж байсан хүүхдийнхээ боловсролыг хойш тавьдаггүй гэх мэт сайн тал хятад хүнд бий. Бидэнд ч суралцах зүйл их бий. Гэхдээ нэгэн хятад өвгөн“Монголчууд өнөөдрийн биш ирээдүйн хятад хүнээс л айх хэрэгтэй” гэж хэлсэн нь нэгийг бодогдуулав.

Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай. Халдан дайрсан хэд хэдэн үндэстэн эцэс сүүлдээ уусан шингээд дууссан байдаг.

Энэ нь өнөөгийн бидний ганц зовлон. 2010 оноос монголд шинэ төмөр зам барих тухай асуудал хөндөгдөв. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Нарийн царигтай төмөр зам барьвал Монголд нэмүү өртөг үлдэхгүй” хэмээн Оросын 1520 мм-тэй төмөр замыг тавиулахаар телевизийн нэтрүүлэг хийж, ард түмнээ хагаралдуулж байсан. Найман замаар хятадууд орж ирээд монголыг эзлэн түрэмгийлэх мэтээр ярьж, ард түмэн бараг л айдаст автсан. Гэхдээ энэ нь улс төрч хүний ажлаа бүтээх гэсэн увайгүй ч гэмээр юм уунэг арга байсныг олон нийт яаж мэдэх билээ. Одоо хэн нь хэн бэ гэдгийг, нарийн болон өргөн цариг гэж юу байдаг тухай ард түмэн бага ч атугаа ойлголттой болжээ. Эндээс нэг зүйл ажиглагдсан нь хятадуудыг бид дайсан лугаа үздэг нь бүрэн нотлогдсон юм.

Бидний дайсан хятад хүн мөн үү?

Монгол Улсын их сургуулийн багш, хятад судлаач доктор, профессор М.Чимэдцэеэ “Хятадын соёл, гүн ухаан хоёр том урсгал чиглэл, дэг сургуулиар явж ирсэн байдаг. Үүний нэг нь Күнзийн сургаал номлол, нөгөө нь Даогийн ёс. Эдгээр сургаал нь арга билгийн  ёстой холбогддог. Үндсэндээ Күнзийн сургаалыг арга, Даогийн сургаалыг билэг гэж үздэг. Күнзийн сургаалд хүний нийгмийн бодит байдлыг номлосон. Хүн нийгэмд хэрхэн оршин амьдрах, яаж хувь хүн болж төлөвших тухай сургасан бол Даод цэвэр оюун ухааны талаар өгүүлсэн байдаг. Бясалгал, хий хоосноос дэлхий ертөнц үүссэн гэж үздэг. Өнөөдрийн байдлаас харахад Хятад улсын явуулж байгаа гадаад болон дотоод төрийн бодлого нь ерөнхийдөө Күнзийн сургаал дээр үндэслэгдэж явдаг. Хятадын үе үеийн удирдагчид илэрхийлж хэлсэн баримтууд бий. Жишээлбэл 2000-гаад оны дундуур Хятадын Ерөнхий сайд АНУ-д айлчилж, Харвардын их сургуульд лекц уншихдаа "Манай улсын төрийн бодлого эртний их сэтгэгч Күнзийн сургаал номлол дээр үндэслэж явдаг"хэмээн хэлсэн байдаг. Мөн НҮБ-ын жаран жилийн ойн нэгдсэн хуралдаан дээр Ху Жинтао илтгэл тавьж, үг хэлэхдээ "Манай улсын төрийн гадаад бодлого эртний сэтгэгч Күнзийн сургаал дээр үндэслэдэг" хэмээн мэдэгдсэн байдаг.

Күнз "Зохирол бол бүхнээс эрхэм" гэж сургасан.

Энэ нь хүн төрөлхтөн тэрсэж биш зохирч амьдрах ёстой гэдгийг хэлсэн хэрэг. Хятадад өнөөдөр зохирол гэдэг үгийг маш өргөн хэрэглэж байгаа” хэмээсэн юм.

Өнөөгийн Хятад улсын нөлөө, хөгжил эртний мэргэдийн сургааль дээр үндэслэгддэг гэж бодохоор нэг л итгэмээргүй. Гэхдээ энэ бол үнэн.  Хятад өвгөний хэлдгээр бид өнөөдрийн биш ирээдүйн хятад хүнээс айх ёстой нь ч бас үнэн юм. Нэг хятад хүүхдийг аав, ээж, эмээ, өвөө гээд дөрвөн хятад хүн өсгөн хүмүүжүүлж байна. Тэд хүүхдэдээ энэ бол чиний юм, чиний өмч хэмээн зааж сургадаг тухай нэгэн хятад судлаач эрдэмтэн ярьсан байсан. Магадгүй тэд хойш харж зогсоод Монгол бол чинийх гэж зааж өгч байвал яах вэ? Тэгэхээр хятад хүн бидний дайсан эсвэл нөхөр эсэхийг одоо хэлэхэд тун хэцүү.

Бид ирээдүйн хятад хүнтэй нүүр тулахад бэлэн үү?

Монгол Улсын хөгжилд Хятадын хөгжил маш их үүрэг гүйцэтгэдэг. Хятад орон ямар нэгэн халдлагад өртөхгүй, чимээ аниргүй хөгжөөд л байх юм бол манайх адилхан өнгө зүс ороод л байна. Энэ талаас нь харахад, Хятад улстай хаяа залгаа байгаа минь сайн. Бас сөрөг муу зүйл бий. Тэр нь Хятад гүрэн ямар нэгэн байдлаар донсолж эхлэх юм бол манайх бас л дагаад ганхана. Тэгэхээр нөхөрлөж, бүр ах дүү шиг дотносохоос өөр аргагүй.

Хятадын "Хил залгаа хөрш орнуудад явуулах бодлого" гэж байдаг.

Үүнийгээ төрийн бодлогын түвшинд авч үздэг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн оны 11 сарын дундуур манай улсад болсон Далай ламын айлчлалтай холбоотойгоор гаргасан мэдэгдлээс харж болно. Тэгэхээр бид муу хятад хүн, хятадууд гэж харааж ерөөхөөсөө өмнө үндэснийхээ дархлааг сэргээн, өөр хоорондоо тэмцэлдэн, хагаралдахгүй байх нь л туйлаас чухал аж. Бид ирээдүйн хятад хүнтэй нүүр тулах цаг ойрхон байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close