​4 сая хүн амтай хот 90 хоногийн  усны нөөцтэй болсноо зарлалаа​​​​​​​
  #babo   НИЙТЛЭЛ   2018-01-29 11:23:56

​4 сая хүн амтай хот 90 хоногийн  усны нөөцтэй болсноо зарлалаа

Дэлхийн аялал жуулчлалын томоохон төвийн нэг Өмнөд Африк улсын нийслэл Кейп Таун хот ердөө 90 хоногийн  усны нөөцтэй болсноо зарлаад буй билээ. Нөөцийн хомсдол сүүлийн гурван жил үргэлжилсэн гангийн улмаас үүссэн бөгөөд энэ нь дөрвөн сая хүн амтай метрополитан хот усны нөөцгүй болсон анхны тохиол юм.  

Хотын захиргаа  усгүй болох аймшигт  өдрийг дөрөвдүгээр сарын 12-ний өдөр хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Энэ тухай Кейп Таун хотын дарга Патрисиа Де Лилл ард иргэддээ усны хэрэглээгээ эрс багасгахгүй бол үүнээс ч богино хугацаанд хуурай хот болно хэмээн анхааруулсан байна.Ийнхүү Кейп Таун хотын иргэдийн өдөр тутмын амьдрал зөвхөн усны төлөөх тэмцэл болж хувирав. Тэд хувцас угаасан усаа нойлдоо ашиглаж, өдөрт 90 секундээс ч бага хугацаанд усанд ордог болжээ. Мөн гар ариутгагч шингэн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болсон аж.

Энэ тухай хотын нэгэн оршин суугч “Угаагаагүй  тослогтсон үс одоо нийгмийн хариуцлагын шинж тэмдэг болжээ” гэж CNN-д хэлжээ.

Авч буй арга хэмжээ

Өмнөд Африкийн засгийн газар “Бид иргэдэд усаа хэмнэе гэж уриалах биш усаа хэмнэхийг шаардах цаг иржээ” гэж хэлсэн бөгөөд ирэх сарын нэгнээс айл бүр өдөрт ердөө тавин литр ус хэрэглэх эрхтэй гэсэн журмыг батлахаар болов. Иргэд, жуулчид ч ялгаагүй ус аргыг хэрэглэж байна. АНУ-ын жуулчин “Би гараа угаасан усандаа аяга тавгаа угааж, дараа нь цэцгээ усалдаг, Кейп Таунын өнөөдрийн дүр зураг ийм л байна” гэв.Түүнчлэн ус хомсдох аюулыг олон нийтэд зарласан  нь асуудал үүсгэж эхэлжээ, иргэд ус тосож болох бүх төрлийн сав суулгыг худалдан авч, хувийн хэрэглээндээ зориулж ус нөөцлөхийг оролдох болов.  

Ундны усны асуудал  

Усны хомсдолд орсон энэ үед цэвэр усны асуудал яриад ч хэрэггүй болно. Цоргоноос гарч буй усны амт, үнэр тийм ч сайхан биш бөгөөд хүүхдүүдийн ходоод өвдсөн тохиолдол тасрахгүй байна. Иргэд хотоос 25 километрийн зайд байдаг гүний худагт өдөрт 8 цаг дугаарлаж байж арай цэвэр ундны ус авдаг аж. Худаг дээрх дараалж зогсох хугацаа улам л нэмэгдсээр байна. Түүнчлэн байгаль орчны байдал ч улам дордож байгаа бөгөөд газар нутгийн ихэнх хэсэг хуурайшилд идэгдэн хатжээ.  

Асуудал өдөр ирэх тусам хүндэрч байгаа бөгөөд  өнгөрсөн долоо хоногт л гэхэд хотын усны нөөц 1,4 хувиар буурсан гэж мэдээлэв. Гаднын шинжээчид хотын иргэдийг яаралтай нүүж, өөр бүс нутагт очиж амьдрах хэрэгтэй гэж зөвлөж байгаа ч иргэдийн ердөө 10 хувь нь нүүх санхүүгийн боломжтой аж. Хотын захиргаа далайн усыг цэвэршүүлэх станц байгуулахаар ажиллаж байгаа ч энэ нь  дөрөвдүгээр сараас өмнө ашиглалт орохгүй нь тодорхой байна. Мөн Цаг уурын хүрээлэнгээс хуурайшилт үргэлжилж, хур тунадасны хувь улам буурна гэсэн байна.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
6
close