Ц. Содномдорж арслан хамгийн том “дайсан”-тайгаа тэмцэж байна
  #babo   УРЛАГ, СПОРТ   2018-01-17 16:49:25

Ц.Содномдорж арсланг сурагласан бөхийн хорхойтнууд үй олон. Ер нь ид барилдаж буй хүчтэнүүдээс хамгийн олон, хамгийн “үнэнч” дэмжигчтэй бөх бол шинэ арслан. Монгол түмнээ баярлуулж “Улсын арслан” цол хүртсэнээсээ хойш нэг л удаа барилдсан түүнийг үзэгч, дэмжигчид нь үгүйлсээр, сураглаж асуусаар байгаа билээ. “Зодог тайлсан бололтой”, “Арслан цол аваад биеэ тоосон байна” гэхчлэн элдэв янзаар бичих, ярих хүмүүс ч харагдах.

2010 оны орчим арслан маань хөлөө хүнд бэртээж, улмаар Солонгос улсад эмчлүүлж байсныг бөх шимтэн үзэгчид санаж буй нь лавтай. Энэ бэртэл бүрэн эдгэхгүй явсаар өнгөрсөн зуны /2017 оны/ наадмын өмнө мөн сэдэрч, зовуурилж эхэлжээ. Гэсэн ч шүд зуун тэсч наадамдаа барилдсан байна. Монгол наадмын дэвжээ Ц.Содномдоржийг ивээсэн нь гэмтэл бэртэлтэйгээ тэмцсэн их хүч, хичээл зүтгэлийг нь харсных ч байж болох...

Наадмын дараа эмч домч, эмнэлгээр хэсэг явж, хөлөө бүрэн эдгээх талаар хөөцөлдсөн боловч мөн л гадаадад эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөсөн байна. Гэсэн хэдий ч арслан цол хүртсэн баяраа нутгийн олонтойгоо хуваалцах, мөн шинэ цолтойгоо зодоглож үзэгч олноо баясгахыг зорьж, Солонгос руу явах ажлаа хойшлуулжээ.

10 дугаар сарын 23-нд “Улсын начин цолд хүндэтгэл илэрхийлэх” барилдаанд зодоглосныхоо дараахан Солонгос улсыг хэд хэдэн удаа зорьж, сэдэрсэн бэртлээ үзүүлж, биеэ эмнүүлсэн юм. Гэсэн хэдий ч хөлийн бэртэл, 2010 онд хөлдөө хадуулсан хадаасны муу уршиг мөддөө арилахгүйг эмч нар хэлжээ. Солонгос эмнэлгийн зүгээс хийж болох бүхий л эмчилгээг хийж, арслангийн бэртлийг эдгээх боломжит арга бүхнийг хэрэглэсэн бөгөөд одоо гам сахиж, шарх, ул мөрийг байгалийн жамаар эдгээх нэн чухал хэмээн зөвлөсөн байна. Тэдний хэлснээр арслан 5-6 сар орчим гам сахиж, хүч гаргасан бэлтгэл хийж, хөлөө хөндөж болохгүй юм. Хэрэв гам алдвал хүнд гэмтэл удтал эдгэхгүй болох магадлалтай ажээ. Арслан маань одоо гамаа сахиж, ирэх зуны наадамдаа бэртлээ бүрэн эдгээж барилдахыг чухалчилж байгаа болов уу.

Тиймээс бөх сонирхогчид, арслангийн маань дэмжигчид уужуу хандаж, ухаантай байж арслангаа элдвээр хэлэхгүй байхыг хүсье. Бөх хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл. Хүнд гэмтэлтэй олон жил тэмцэж буй хүчит арслангаа бөхийн дэвжээндээ дэвэн гарах өдрийг хүлээх л үлдлээ. Дашрамд дуулгахад, бэртэл гэмтлээ эмчлүүлж байгаа тухайгаа Ц.Содномдорж арслан МҮБХ-нд албан ёсоор мэдэгдсэн ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

5
66
3
35
2
4
close