Гурван хүн тутмын нэг нь АМЬ ЗОГООХ төдий амьдарч байна
  #babo   НИЙТЛЭЛ   2018-01-18 13:52:52

Монгол улсад гурван хүн тутмын нэг нь ядууралд живж, арай ядан амь зогоож байна. Учир нь сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд ядуурлын түвшин улам нэмэгдэж, 2016 оны эцсийн байдлаар 29.6 хувьд хүрчээ. Энэ нь нийт хүн амын гуравны нэг орчим буюу 907500 иргэн гэсэн үг. Эл үзүүүлэлт хоёрхон жилийн өмнө 634000 байсан гэхээр жилд зуун мянга гаруй иргэн ядуурлын ангалд хөл тавьж байгаа хэрэг юм. Амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой иргэдийн тоо олшрохын хэрээр нийгмийн дундаж давхарга “нимгэрч”, Монгол орон баян, ядуугийн туйлд хуваагдаж эхлэх нь гэсэн гашуун дүр зургийг ч холбогдох байгууллагууд гаргаад буй.

Энэ бүхнийг илэрхийлж, олон нийтэд “мэдээлэх” гол хүчин зүйл нь Улаанбаатарт суунаглаж, улам ихэссээр буй утаа гэж хэлэхэд буруудахгүй. Агаарын бохирдлыг бууруулах тухай манайхан байнга ярьдаг ч шийдэл олохгүй байсаар өдий хүрэв. Шийдлийн эрэлд гардаг ч эцэстээ иргэд ядуу байгаа нь хамгийн гол асуудал юм байна гээд гацаж орхидог. Нүүрсээ ч авч чадахгүй, үнэ багатайгаар нь хаягдал дугуйнаас эхлээд шатааж болох бүхнээр гэрээ дулаацуулж буй иргэдэд яндангаа устгаад орон сууцанд ор, эсвэл цахилгаан халаагуур тавь гэж хэчнээн хэлээд ч тусыг эс олох нь ойлгомжтой.

Дулмаа (нэрийг нь өөрчлөв) нөхөр гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Хэдэн мал нь зуднаар үгүйрч, хөдөө хийх ажил олдохгүй болсон тул хөгжил бараадаж, ажил төрөлтэй сайхан амьдарна гэж найдсандаа 10 гаруй жилийн өмнө хот бараадсан аж. Бор гэрээс өөр хөрөнгөгүй шахуу ирсэн энэ гэр бүлийн амьдрал анх ирснээсээ  хойш өөдөлж гавьсангүй. Уг нь Дулмаа нэгэн цайны газарт амрах чөлөөгүй өдөр бүр ажилладаг. Нөхөр Бат нь анх хотод ирснээсээ хойш бас л түүн шиг олдсон ажил бүрийг хийж, гэр бүлийнхээ амьжиргаанд тус нэмэр болж байжээ. Гэсэн ч хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэсэн “уриатай” хотын амьдралын завгүй хэмнэлд түүртэж бухимдаад, гашуун усанд толгойгоо мэдүүлэх болсноор ар гэрийнхээ амьдралыг бүр доош чангаах болжээ. Дулмаа гэр бүлээ тэжээхийн тулд зогсоо зайгүй, бүр урьдынхаасаа ч сайн ажиллавч байдал нь илүү дордож гундан, орлого нь өдөр тутмын хоол хүнс, түлш түлээгээ ч залгуулж хүрэхгүй болсон төдийгүй гурван хүүхдээ их, дээд сургуульд сургана гэсэн бодол нь ч замхарчээ.

Яг ийм, бүр үүнээс ч дор амьдрах хүний тоо олшрох хэрээр зөвхөн утаа бус, стресс, архидалт, гэмт хэрэг гээд олон асуудал өдгөө манай нийгэмд тулгамдаад байгааг өдөр тутам дуулдаж буй хар мэдээ мэдээлэл, иргэдийн бухимдал зэргээс түвэггүй харж болно. Ядууралтай шууд хамааралтай гэгддэг орон байрны хулгай, дээрмийн хэрэг өнгөрсөн жил 2016 оныхоос 36.1 хувиар өссөн нь ч үүний бас нэг нотолгоо. Гол асуудал болсон ядуурлаа л шийдэхгүй бол дээр дурдсан тоо энэ жил түүний дараа ч нэмэгдэж, энэ маягаараа жил бүр 100 000 гаруй иргэнээ ядуурлын ангал руу унаж байхад нь зүгээр хараад л суух уу?

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close