Сэтгүүлчдийг тагнаж чагнасан нь тогтоогдвол Ц.Нямдорж сайд сайн дураараа огцрох ёстой
  #babo   НИЙТЛЭЛ   2018-04-27 12:05:00

Нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл тархаж, багагүй шүүмжлэл дагуулж байна. Зарим хэвлэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн даалгавраар энэ ажиллагаа явагдсан байж болзошгүй талаар мэдээлсэн билээ.

Сайд Ц.Нямдорж өөрийнх нь талаар мэдээлэл бэлтгэж байсан есөн сэтгүүлч, түүний ар гэрийн 30 хүний талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн адбаны удирдлагуудад үүрэг өгсний дагуу хууль бусаар олж авч, тагнасан. Түүгээр ч зогсохгүй машин руу нь буудаж сүрдүүлсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас тагнуулын байгууллагад өгсөн гүйцэтгэх ажиллагааны мэдээлэлд сэтгүүлчийг тагнасан хэрэг байсан” гэж нэгэн эх сурвалж баталсан тухай бичжээ.

Нийгмийн сүлжээнд ч "ТВ-9" телевизийн сэтгүүлч Хүслэнбаатар, түүний эхнэр Уянга, Түвшинжаргал болон түүний гэр бүл, садан төрлийн нийт 30 сэтгүүлчийг тагнасан тухай шуугиж байгаа юм. Сэтгүүлчдийн хувьд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх мэргэжлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байгаа тул цагдаагийн албан тушаалтнуудын үйлдсэн байж болзошгүй эл хэргийг эсэргүүцэж байгаа юм.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна” гэж мэдээлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар хэлэхдээ “Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан л гэнэ. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш намайг гүтгэх, айлган сүрдүүлэх явдал хэрээс хэтэрлээ. Эх захгүй явж байна. Үүний цаана муугаа нуух гэсэн л санаа байгаа. Гүтгэлэг тараасан хүний нэрийг цаг нь болохоор хэлнэ... Уржигдар Л.Болдыг, өчигдөр Ж.Батзанданг аваачиж байцаалаа. Үүний цаад санаа нь Ц.Нямдорж л гэж шуугиулах гээд байгаа юм.

Чамгүй оролдож байгаа шүү, намайг. Миний хүүхдийн эрхэлдэг багахан бизнесийнх нь материалыг хууль бусаар татаж авсан асуудал байна. Надаар, миний таньдаг хүмүүсээр оролдож, сэтгэл зүйн асар их дарамтад оруулах гэж хичээж байна. С.Зориг агсан амьд байхдаа иймэрхүү байдалтай бүтэн жил амьдарсан. О.Дашбалбар, М.Зэнээ нар бас нас барахынхаа өмнө иймэрхүү нөхцөлд орж байсан. Одоо над дээр ирж байна. Юм бодогдож байгаа шүү. Надад ямар ч хамааралгүй асуудлыг хүртэл холбох гэж оролдож байна. Эрдэнэтийн 42 сая ам.доллар гээд яриад байгаа, хүмүүсийн хадгаламжийн асуудал зэрэг нь надад огт хамааралгүй, "ЖАСТ"-ын Ш.Батхүүг би огт танихгүй, уулзаж ч үзээгүй” гэсэн хариулт өгч буй юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдэд мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, тагнаж чагнасан асуудал байвал сэтгүүлчинхээ эрхийг хамгаалж үүний эсрэг хатуу тэмцэхээ илэрхийлэв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Киргиз улс сэтгүүлчдийнхээ эрхэнд халдаж, дэлхийд шуугиан тарьж, төр нь буруудаад дуусч байсан билээ. Монголын хувьд сэтгүүлчдийг тагнаж чагнадаг асуудал өмнө нь цөөнгүй удаа гардаг байсан. Эдүгээ бүр гэр бүл, хамаатан садныг нь хүртэл хамаатуулан тагнаж чагнаж байгаа нь хэрээс хэтэрч байна.

Монголд сэтгүүлчдийг хэрхэн тагнаж чагнадаг вэ?  Хэрвээ сэтгүүлчдийн утсанд +976206 гэсэн тоотой дуудлага, мэссэж ирсэн л бол тухайн сэтгүүлчийг хэн нэгэн тагнаж чагнаж байна гэсэн үг болохыг мөн эх сурвалж тодотгож байна.

Хуулийг хамгийн ихээр дээдэлж, мөрдөх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал заавраар хүчний байгууллагын ажилтнууд сэтгүүлчдээс эхлэн иргэдээ тагнаж чагнасан нь тогтоогдвол Ц.Нямдорж сайн дураараа сайдын албан тушаалаасаа огцрох нь зүйд нийцэх билээ.

Д.ТУЯА

Эх сурвалж: medee.mn 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close