У.Ариунзаяа: Цагдаад зодуулснаас болж гэдсэн дэх хүүхдээ алдах дээрээ тулчихаад байна

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хүн, ачаа тээвэрлэдэг "УАЗ-469" авто машины жолооч нар энэ сарын 19-нд эсэргүүцлээ илэрхийлж, жагссан. Тэд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэхийн наана буюу гурвын хаалтын орох, гарах хэсгийг хааж, үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Харин тэрхүү жагсаалыг хууль, хяналтынхан хүч хэрэглэн тарааж, зарим жолоочийг 72 цаг цагдан хорьсон байдаг. Ингэхдээ цагдаа нар жолоочдын биед халдаж, гэмтээсэн үйл явдал ч гарсан юм. Тухайлбал, хоёр сартай жирэмсэн эмэгтэйг багалзуурдаж, хүчтэй түлхэж унагаснаас болж хүүхэд нь зулбах эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хохирогч эмэгтэйг сумынхаа "Шонхор мед" гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь уулзлаа.

-Таныг цагдаад зодуулсан гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Тийм. 

-Тухайн үед яг ямар үйл явдал болсон юм бэ?

-Анх тав, зургаахан л жолооч байсан. Биднийг очиход тэд нөхцөл байдлаа хэлж цагдаа нарыг аргадаж, учирласан байдалтай байсан. Харин биднийг машинаас буухад цагдаа нар хүч хэрэглэж, зодож нүдэж эхэлсэн. Улмаар зарим жолоочийг маань машиндаа хүчээр чихээд аваад явсан.  

-Хэчнээн цагдаа байсан юм бэ?

-Ойролцоогоор 30, 40 цагдаа байх шиг байсан. 

-Цагдаа нар та бүхнийг шөнийн 04.00 цагт хүч хэрэглэн тараасан гэсэн үү?

-Тийм. 

-Тухайн үед таны биед хэдэн цагдаа гар хүрсэн юм бэ?

-Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Намайг зодуулж байгаа бичлэг нь бий. Хоёр, гурван удаа хүчтэй түлхэж унагасан. Бас маш хүчтэй багалзуурдсан. Би тэр цагдаад жирэмсэн гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд "Тэр чинь надад хамаагүй. Чи явдаг газраараа яваарай" гэж хэлсэн. Үнэхээр аймар хэрцгий байсан. Надтай адилхан бичлэг хийсэн хүн бүрийг зодож, танхайрсан. 

-Бичлэг хийсний чинь төлөө л гар хүрсэн гэсэн үг үү?

-Тийм.

-Одоо таны бие ямаршуухан байна вэ?

-Миний даралт унаад байгаа. Өдөр, шөнөгүй шингэн залгуулаад хэвтэж байна. Ерөөсөө л босч болохгүй, тайван байх хэрэгтэй гэж эмч хэлсэн. Яг одоогийн байдлаар бол өөрийнхөө эрүүл мэндэд л анхаарч байна. 

-Хэдэн өдөр хэвтэж байна вэ?

-Гурав дахь өдрөө хэвтэн эмчлүүлж байна. Тэр өдрөө л хэвтсэн. 

-Танд халдсан цагдаагийн алба хаагчтай уулзсан уу?

-Яг одоогийн байдлаар бол өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байна. Хүүхдээ бодоод л хэвтэж байна. Эмч намайг тайван байхыг зөвлөсөн.  Төрийн албан хаагч, бүр цагдаа хүн ард иргэддээ ингэж хандаж, халдаж болохгүй л дээ. Жирэмсэн эмэгтэй хүнд шүү. Дарга нар нь тэр цагдаад ямар нэгэн арга хэмжээ авах байх гэж бодож байна. Бичлэг нь бий. Тэр цагдаа "Зүгээр ээ, би хариуцлагаа өөрөө хүлээнэ" гэж хүртэл хэлсэн байдаг. Хамгийн эхэнд хүүхдээ л авч үлдэхийг хүсч байна. Цагдаа нар л юм чинь өөрсдийгөө л хамгаалах биз дээ. Тухайн өдөр цагдаа нар нэг эмэгтэйг машинаар мөргөж унагасан. Манай найзыг ухаан алдтал нь зодсон. Үнэхээр олон цагдаа байсан. Бүгд хүч хэрэглэсэн. Үнэхээр харгис хүмүүс байна лээ. Би гомдолтой байна. Цагдаад зодуулснаасаа болж хүүхдээ алдах дээрээ тулчихаад байна шүү дээ. 

Г.Амаржаргал: Эх нь цочролд орсноос болж хүүхэд зулбахыг завдсан 

Хохирогч эмэгтэйтэй ярилцсаны дараа түүний эмчлэгч эмч Г.Амаржаргалтай уулзлаа. Тэрээр Замын-Үүд сумын "Шонхор мед" эмнэлгийн их эмчээр ажилладаг аж. Түүнээс эмэгтэйн биеийн байдлын талаар дараах зүйлийг тодруулсан юм.  

-Танай эмнэлэгт цагдаад зодуулсан гэх эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Анх биеийн байдал нь ямаршуухан ирсэн бэ?

-Бие давхар эмэгтэй цагдаад зодуулсан л гэж хэлсэн. Бид үзлэгээ хийсэн, эход харсан. Доошоо цус гарсан байсан. Өвчтөн маань гэдэс базаллаа гэж бодсон байгаа юм. Сар гаруй хугацаатай жирэмсэн. Гэдэс нь чангараад тонус өгч байна гэсэн үг. 

-Юунаас болж тонус өгч байгаа юм бэ?

-Гэнэтийн цорчирлоос болсон. Өмнө нь цус гарч байгаагүй гэж хэлсэн. Харин доошоо цус алдсандаа их айсан байсан. Эмнэлгийн зүгээс бол түүнийг хамгийн эхэнд тайвруулж, авах ёстой эмчилгээгээ авч байна. 

-Ямар эмчилгээ хийж байна вэ?

-Хамгийн эхэнд цус тогтоох эмчилгээ хийсэн. Гурван хоног дусал залгаж байна. Цагаар тариа хийж байна. Одоогоор өвдөлт нь багассан, цус гарах нь багассан. Мэргэжлийн бус хүмүүс гаагүй болчихлоо гэж бодоод байх шиг байна. Эмчийн хувьд ганц л зүйлээс айж байна. 

-Юунаас тэр вэ?

-Хүүхдийн зүрхний цохилт орж ирэхгүй, өсөлтгүй болчихсон байх магадлалтай. Энэ тохиолдолд яалт ч үгүй цэвэрлэж авахаас өөр замгүй. Ер нь хэвийн өсөлттэй хүүхэд байсан юм билээ. Харин цочролд орсноос болж хүүхэд дутуу төрөхийг завдсан. Өөрөөр хэлбэл, зулбах эрсдэлтэй байсан гэж ойлгож болно.  

-Зодуураас үүдсэн гэж хэлж болох уу?

-Шалтгаан нь цэвэр стресс. Намайг багалзуурдсан. Хоёр, гурван удаа түлхэж унагасан гэж хэлж байна лээ. Газар хүчтэй унасан шиг байгаа юм. Ер нь хэвийн өсөлттэй хүүхэд байсан юм билээ. Харин цочролд орсноос болж хүүхэд дутуу төрөхийг завдсан.Өөрөөр хэлбэл, зулбах эрсдэлтэй байсан гэж ойлгож болно. Надад хэнд зоруулсан эсэх нь хамаагүй. Би бол эмч, эмчилгээгээ л хийнэ. 

Эх сурвалж: https://newspress.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close