Ц.Түмэндэмбэрэл: Нарантуул гэдэг том айлын нэг эд эс нь болж явж байгаадаа бахархаж явдаг.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

Намайг Түмэндэмбэрэл гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Миний ханийг Баатархуяг гэдэг. Төв аймгийн Алтанбулаг сумын хүн. Одоо нөхөр гурван хүүхэдтэйгээ хамт  амьдардаг. 1998 онд арван жилээ төгсөөд Мандах Бүртгэл Дээд сургуулийг 2002 онд нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн. 2003 оноос одоог хүртэл Нарантуул олон улсын худалдааны төвд  үндэсний хувцасны наймаа хийж байна.

 - Бизнесийн гараагаа анх хэрхэн эхэлж байв?

Анх энэ үндэснийхээ дээлний бизнэсийг эмээгээсээ өвөлж авсан. Хүүхэд байхад эмээ минь өөрөө дээл оёж дэнжийн мянгын захруу гарч зардаг байсан юм. Зургаадугаар  ангиасаа эхлээд хичээлээ тараад эмээгийнхээ ажилд тусалдаг болсон юм. Би есдүгээр  ангидаа бүтэн дээл хийж чаддаг болсон доо.Улмаар 2003 оноос Нарантуул дээр эмээгийнхээ лангуун дээр наймаа хийж эхэлсэн. Анх өөрсдөө оёж  зардаг байлаа.Одоо бол нэг жижиг оёдлын цехтэй ажиллуулаад явж байна. Алтан гадас од хойд чигийг заадаг гэдэг шиг эмээ минь бидний амьдралыг чиглүүлсэн дээ.

- Мэргэжлээрээ ажилласан уу?

Би  дээд боловсролтой хүн зах дээр зогсохгүй гэж эмээдээ хэлж л байсан хүн шүү дээ /инээв/. Сургуулиа төгсөөд хэдэн сар ажиллаж үзсэн. Одоо эргээд бодоход  хүний амьдрал гэдэг урьдчилж таашгүй юм даа. Энэ  зах дээрээс сайхан ханьтайгаа учирлаад сайхан амьдралаа бүтээгээд гурван сайхан үртэй өнөр айл өрх болоод амьдарч байна.Би энэ ажилдаа бас Нарантуул захдаа их хайртай.

- Та эмээгийнхээ талаар ярьж өгөхгүй юу?

Манай эмээ Жуваагын Норжин гэж Баянхонгор аймгийн Баянлиг сумын хүн байдаг. Хүүхэд байхад эмээ минь шөнөжингөө дээл оёод л өглөө нь зах руу авч гардаг байсан. Одоо 80 насыг зооглож байна.. Миний бахархал өмөг түшиг  шүү дээ эмээ минь.

- Өвлийн хүйтэнд хэрхэн ажилладаг вэ? Бас л хүйтэн шүү тиймээ.

Өвлийг  энэ дээлнийхээ хүчээр л давна шүү дээ. Хувцсаа зөв тохируулж өмсөхөөс эхэлнэ дээ. Дээр нь бас бидэнд халуун цай халуун хоолоор үйлчилдэг хүмүүс байдаг. Тэднийхээ тусаар л өвлийг давдаг даа. Манай монгол дээл чинь үнэхээр сайхан хувцас шүү дээ.

- Цаашдаа төлөвлөж байгаа ажил юу байна вэ?

Өвөр монголруу бүтээгдэхүүнээ гаргаж үзэх бодол байна. Мөн малгай , гутал хийх сонирхол их байдаг.Сайхан монгол хувцасаа хийгээд өдий зэрэгтэй явж байгаа минь их хувь заяа юмдаа.

- Өнөөгийн улс орны байдал таны нүдээр?

Ер нь улс орны өнөөгийн нөхцөл байдал  хүнд байх шиг байна. Гэхдээ бид  энэ нөхцөл байдлыг өөрчлөх ёстой байх. Хүн болгон өөрсдийн ажил үүргээ чин сэтгэлээсээ зөв шударга хийдэг болчихвол улс орон сайхан болох байх гэж боддог доо. Ард түмнийг хуурдаг улс төрчдийг байхгүй болгох л хэрэгтэй.

- Шинээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж эхлэх гэж байгаа хүмүүст хандаж юу хэлмээр байна?

Ер нь ямар ч юмыг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Чанартай, гарын ур дүйгээ гаргаж хийгээд өгөхөд ямар ч хүн сэтгэл ханамжийг авдаг шүү дээ. Тэгснээр тэр хүний баярласан сэтгэл өөрт чинь баяр баяслыг өгч хийж буй ажил амжилттай урагшилдаг. Аливаа ажлыг хийхдээ чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй.

- Өөрийнхөө хийсэн дээлийг олон хүнд өмсгөнө гэдэг  мундаг байна шүү.

 Би гэдэг хүний ард эмээ минь, сайхан хань,ээж дүү нар, мөн бүтээгдэхүүний материалыг нийлүүлдэг хүмүүс, хамтарч ажилладаг оёдолчид, үйлчлүүлэгчид  байсан болохоор л өдий зэрэгтэй явна даа. Энэ хүмүүст баярлаж явдаг. Мөн Нарантуул гэдэг том айлын нэг эд эс нь болж явж байгаадаа бахархаж явдаг. Биднийг нэгтгэж өгсөн Нарантуулын удирдлагууд, ажилтнууддаа баярлалаа.Манай Нарантуулынхан үнэхээр хөдөлмөрч, жилийн дөрвөн улиралд хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, ард түмэндээ хамгийн хямдаар үйлчлэхийг зорьдог сайхан бахархмаар хүмүүс шүү дээ.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
15
1
close