Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байранд орлоо

Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлог Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.

Шүд эрүү нүүрний төв 1986 онд байгуулагдсан. Нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог, гажиг засал, захиргаа санхүү, аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй 72 ажилтантай. Жилд 100-120 мянга гаруй иргэнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.

Тэгвэл шинэ байранд орсноор иргэдийн тав тухыг бүрэн хангасан, стандарт шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүн ам, ялангуяа хүүхдүүдийн дунд нүүр амны өвчлөл зонхилох хандлагатай байна. Шүдний тусламж үйлчилгээ нь өөрөө өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээний 80 орчим хувийг хувийн эмнэлгүүд үзүүлж байна. Гэтэл хүүхдүүд, ахмадууд, орлого багатай иргэд гээд зайлшгүй төрөөс тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой юм гэж үзсэн. Шүд эрүү нүүрний төв нь хувьчлагдсаны дараа өөрийн гэсэн байргүйгээр түрээсийн байраар үйл ажиллагаа явуулж байсан. Жилд 280 орчим сая төгрөгийн түрээсийг төлдөг байсан. Түрээсэнд төлдөг мөнгөөрөө шинэ байр барих бололцоо байсан. Үүнийг бид судалж үзээд ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж үзээд НИТХ-ээр хэлэлцүүлж шинэ байртай боллоо. Ер нь нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндэд өндөр анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Цаашдаа тоног төхөөрөмжийг сайжруулж, тохилог орчинд, өндөр бүтээмжтэй, шинэ техник технологи ашиглан хүүхэд залуучууд ахмад үеийнхэнд үйлчилгээ үзүүлнэ” гэж ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close