​Б.Галаарид: Монголын сэтгүүлчид үзэл бодлын эрх чөлөөтэй, санхүүгийн эрх чөлөөгүй

МСНЭ-ийн XVII Их хурал хоёрдугаар сарын 8-нд болох гэж байгаатай холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа. Монголын нийт сэтгүүлчдийн итгэл найдварыг хүлээсэн үндэсний хэмжээний мэргэжлийн толгой байгууллагыг удирдаж байх хугацаандаа ямар ажил хэрэгт голлон анхаарч байсан, түүний цаашдын зорилго төлөвлөгөө юу болох,  мөн энэ байгууллагыг ямар хүн удирдаасай гэж хүсч талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (МСНЭ) 17 дугаар  Их хурал удахгүй болно. Таны хувьд Их хуралдаа ажлаа тайлагнаж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх мэдээлэл байна. Энэ хугацаанд ямар ажлуудад анхаарч ажилласан бэ?

-МСНЭ энэ хоёрдугаар сарын 8-нд ээлжит их хурлаа хийнэ. Дүрмийн дагуу сарын өмнө энэ тухайгаа зарласан. МСНЭ бол сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын мэргэжлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага. Энэ тал руугаа түлхүү анхаарч гишүүд төдийгүй гишүүн биш сэтгүүлчдийнхээ төлөө ч хэр чадлаараа дуугарч, хамгаалж ирлээ. Одоо ч зарим сэтгүүлчээ өмгөөлсөн зарга маань хуулийн байгууллага дээр байж байна.  Гадаадад салбарынхаа нэр нүүр болох хариуцлагатай үүргийг чадан ядан гүйцэтгэлээ. АСЕМ-ын орнуудын редакторуудын уулзалт, Монгол-Орос, Монгол-Солонгос, Монгол-Хятадын сэтгүүлчдийн форум уулзалт, төлөөлөгч солилцоо гээд ажил мундаагүй. 

-Монголд сэтгүүлч, сэтгүүл зүйн нэр хүнд улам л унаад байна. Үүнд юу нөлөөлж байна гэж та боддог вэ. Юуг сайжруулах ёстой юм бэ?

-Мэргэжлийн байх, мэргэжлийн төвшнөө хадгалах л асуудлын гол түлхүүр. 2012 онд би сэтгүүлчдийг ажилд авдаг босго шалгууртай болгоё, зэрэглэл тогтооё, ёс зүйн болоод мэргэжлийн алдаанд нь хариуцлага тооцдог механизм бий болгоё гэж хэд хэдэн удаа санал гаргасан. Хуульд хүртэл суулгах гэж оролдсон. Хэн дэмжиж, хэн хөдлөөгүйг бүгд мэднэ. Уг нь энэ л гарц юм шүү дээ.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч хүн улс төрөөс хараат бус байх ёстой гэдэг. Гэтэл өнөөдөр улс төрийн захилгаар хэвлэл мэдээллийнхэн ажилладаг боллоо гэж шүүмжилдэг. Үүнтэй санал нийлэх үү, яагаад?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  улс төрийн нөлөө анзаарагддаг. Гэхдээ салбар бүхэлдээ ганцхан дохиураар хөдөлдөг гэвэл худлаа. Та бид гуч шахам жил чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх төлөвшүүлэх гэж зүтгэсний хүчинд олсон хамгийн том ололт бол өөр өөрийнхөөрөө асуудалд хандаж, олон ургальчаар шүүн хэлэлцдэг болж чадсан. Өнөөдөр хэнбугай ч, бурхан ч байсан манай салбарынхны амыг хүссэнээрээ барьж, зааж зааварлаж  чадахгүй. Энд нэг хэсгийнх нь амыг таглалаа гэхэд тэнд нөгөө хэсэг нь үнэнийг хэлж л байх болно.  Ийм тогтолцоо аль хэдий нь бий болоод төлөвшчихсөн.

-Ер нь сэтгүүл зүйг улс төрөөс хараат бус байлгахад юу хамгийн чухал вэ?

-Хараат бус гэдгийн нөгөө тал нь  чөлөөт гэсэн үг. Тэгэхээр тэрхүү чөлөөт байдлын үндсийн үндэс нь үзэл бодлын эрх чөлөө, бас санхүүгийн эрх чөлөө. Бид үзэл бодлын эрх чөлөөгөө олж чадсан. Одоо тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань санхүүгийн эрх чөлөөг бий болгохын төлөө л ажилламаар байна. Санхүүгийн эрх чөлөөтэй бол олон хүлээснээс мултарна. Ашиггүй олон хэвлэлүүд нэгдэж нийлээсэй, энд амь зогоох төдий орлоготой байгаа зарим нь өөр салбарт хүчээ сорьж, илүү сайн хийж чадах ажлаа хийгээсэй гэж бодогддог. Зах зээл бол хэзээ ч оройтдоггүй боломж гэдэг биз дээ. 

-Цаашид МСНЭ-ийг удирдах хүн ямар зүйлийг онцлон анхаараасай гэж Та бодож байна вэ?

-ТТБ-ын хамгийн том зовлон хөрөнгө санхүү л байдаг. Манайх гишүүдийнхээ татварыг 100 хувь хураалаа гэхэд үйл ажиллагааныхаа 10 хувийг ч санхүүжүүлж хүрэхгүй. Гадаадын арван хүнтэй баг долоон хоног айлчиллаа гэхэд хэдэн төгрөгийн, нэг томоохон хурал хийхэд ямар зардал гарах  гэдгийг тооцоод үзээрэй. Тэгээд ч сарын хоёрхон мянган төгрөгийн татвараа төлье гээд санаачилга гаргаад ирдэг гишүүн цөөхөн. Тийм болохоор сайн менежер хүн байвал МСНЭ-ийн  ажилд тустай болов уу. Юуг онцлон анхаараасай гэдэг дээр бол хууль эрхзүйн орчноос эхлээд их олон зүйл яримаар байна. Их хурлын илтгэлдээ би тодорхой ярина. Үхэх гэж байгаа хүний захиас шиг юм бэлдээд л сууж байна.

-МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн гурван гол ажил хэргээ онцолж дүгнэвэл...

-Нэгдүгээрт, 1951 оноос хойш өөрийн байргүй байсан байгууллагаа орчин үеийн шинэ оффисстой болгож, түрээсийн хямдыг хайж нүүдэг зовлонгоос нь салгасан. Хоёрдугаарт, МСНЭ-ийн гадаад нэр хүндийг бэхжүүлж чадсан. Одоо манай чиглэлээр харьцах гэсэн хүмүүс, байгууллагад гаднынхан  МСНЭ-ээс баталгаа авчир гэж шаарддаг болсон байна билээ. Бидэнтэй хамтардаггүй, мэдэхгүй байгууллагууд хүртэл тэгж байна гэдэг МСНЭ-ийн нэр хүнд  гадаад орчинд  өндөр болсны илрэл.  

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Би сэтгүүлч хүн. Сэтгүүлчийн ажил миний насан туршийн ажил. Өнгөрсөн хугацаанд хойш нь тавьчихаад байсан уран бүтээлдээ анхаарна. Гэхдээ зөвхөн хар амиа бодоод суухгүй. Монголдоо, монголчууддаа хэрэгтэй гэж бодсон санаа оноогоо ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ.

-Сүүлийн үед сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ хоёрыг ялгахаа больсон. Таны хувьд  уншигчдад сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний мэдээллийн ялгаа, ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Нийгмийн сүлжээ бол хүмүүсийн бодол, сэтгэгдэл. Тэнд үнэн, худал, баталгаатай баталгаагүй мэдээлэл, санаатай түгээсэн худал цуурхал хүртэл холилдож сүлэлддэг. Сэтгүүлзүй бол мэдээллийг олж аваад, нягталж шалгаад, баталгаатай мэдээллийг мэргэжлийн шалгуурт нийцүүлэн боловсруулж түгээдэг.  Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр мэргэжлийн сэтгүүлзүйн үүрэг хариуцлага нэмэгдэж байна,  нэгэнт түгсэн хуудуутай мэдээллийг залруулах, олон нийтийн эргэлзээг тайлах үүрэг ноогдож байна гэж сүүлийн үед барууны судлаачид ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сэтгүүлзүйн нэр хүнд, эрэлт цаашид улам нэмэгдэх болно.

-Хүмүүс маш их мэдээлэл дунд амьдарч байна. Тэндээс зөв, өөртэй хэрэгтэй мэдээллийг хэрхэн ялгаж авах вэ. Мэдээлэл яагаад үнэ цэнэтэй байх ёстой вэ?

-Сүүлийн арван жилд дэлхийн олон оронд медиа боловсрол гэдэг хичээлийг ерөнхий боловсролын болоод их  дээд сургуулийн сургалтын хөтөлбөртөө орууллаа. Онлайн хичээлүүд маш их байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн хэт их урсгал дундаас хүн хэрэгтэй, зөв мэдээллийг олж хэрэглэх дадал чадварыг бага наснаас нь суулгаж эхэлж байна. Тэгэхээр хэрэглэгчээ багаас нь бэлтгэ гэсэн үг. Монгол Улс  медиа боловсролын талаар онцгой анхаарах  цаг нь болсон гэж боддог

-ХБНГ улсад уламжлалт мэдээллийн хэрэгслийн үнэ цэнэ, ач холбогдлыг таниулж, тусгай үнэмлэх олгодог болсон. Харин Монгол Улсад ийм төрлийн үйл ажиллагаа явуулах шаардлага байгаа юу?

-Ардчиллыг дээдэлдэг улс орнууд төрөөс зөвшөөрөл  лиценз олгохыг төдийлөн дэмждэггүй, ийм төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоогоор дамжуулан хийдэг практик түлхүү байна. Манайх ч гэсэн энэ чиглэл рүү явж эхэлж байгааг зарим салбарын жишээнээс харж болно. Гэхдээ үүнийг зөнд нь задгай орхихгүй, хуулиар баталгаажсан эрх бүхий мэргэжлийн байгууллага олгодог тогтолцоо байхгүй бол болохгүй. 

-Сэтгүүлзүйн цаашдын хөгжил, хандлагад залуу сэтгүүлчдийн үүрэг хэр нөлөөтэй вэ?

-Сэтгүүлзүйн салбар бол урт удаан жилийн түүх уламжлалтай салбар. Уламжлах юм бий, шинэчлэх ч зүйл бий. Ахмад, дунд, залуу гурван үеийн алийг нь ч алаглаж болохгүй ээ. Түрүү үеийнхний  ухаан, амьдралын туршлага, дараа үеийнхний ачаа даах чадвар, мэдлэг, залуу үеийнхний халуун сэтгэл, шинэ сэтгэлгээг хоршуулж хослуулж, хэн хэнийгээ хүндэтгэж эвтэй нэгдэлтэй байж гэмээнэ бид амжилтад хүрнэ. Тийм болохоор залуу сэтгүүлчдийн үүрэг их.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье. 

Эх сурвалж: Itoim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close