Б.Занданбат:Чин сэтгэлээсээ үнэн зөв хөдөлмөрлөвөл идэр залууст ээлтэй жил
  #babo   НИЙТЛЭЛ   2018-02-13 12:32:23

“Дэчинчойнхорлин” хийдийн гэсгүй лам Б.Занданбаттай ирэх жилийн өнгө хийгээд зөв амьдралын зам мөрийн тухай ярилцлаа.


-Ирэх нохой жилийн өнгө ямар байх вэ?

-Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг уламжлалтай. Ирэх шар нохой жилийг шороон үхрийн шинжээс үзвэл “Тийн унжлагат” хэмээх нохой жилд “шороон үхрийн толгой, бие нь шар, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан өнгөтэй, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж , сүүлээ зүүн тийш шарваж яваагаар дүрслэгдсэн. Харин үхэр хариулаач нь ногоон царай, биетэй, гэзгээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй улаан хос гутлыг зүүн талдаа бүсэндээ хавчуулж, малгайгаа баруун гартаа барьж, улаан бургасан иштэй шилбүүр барьсан байна. Ийм хүч чадал ихтэй хөл нүцгэн идэр залуу үхрийн урд яаравчлан гүйж яваагаар зурагдсан. Энэ үхэр хариулаачийн шинжээс харахад, ирэх жил залуус болон дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, өвгөд, өндөр суудалтанд тааруу жил гарах ерөнхий дүр зураг буужээ. Идэр хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх жил гарна.

Мөн иргэдийн байдал амар амгалан байх ч эзэд түшмэл, улс гэрийн байдал тайван бус бага зэргийн хямралтай гэжээ. Гэхдээ удирдаж байгаа хүмүүс маань ард олныхоо ажил амьдралд нийцсэн зөв шийдвэр гаргаж, түүнийг олноороо даган хямралдан тэмцэлгүй байвал дээр дурдсан харшилдах шалтгаан арилах боломжтой. Хаврын сүүл зуны эхээр өвс ногоо сайтай, үр тариа сайн дэлгэрэх боловч, зуны сүүл, намрын эхээр хур багатай, мөндөр, цахилгаан ихтэй, гал түймрийн осол их гарч болзошгүй байна. Жилийн эхэн ба адаг сард салхитай, газар тариалангийн ажил дэлгэрч, үр жимс ургац арвинтай мал өсч, зуд турхангүй байна гэсэн ерөнхий дүр зураг буусан байна. Зөв хөдөлмөрлөвөл идэр залууст ээлтэй жил. Гэхдээ ээлтэй гээд зүгээр суугаад байвал эсрэгээрээ зүйл болно.

Мөн түшмэдүүдэд түгшүүртэй,үе мөчний болон халуун чанарын өвчин гарах дэлгэрэх магадлалтай тул архи дарсийг тохируулах хэрэгтэй. Их хэмжээний гал түймэр, аянга цахилгааны осол болж болзошгүй. Гэхдээ зөв сайхан явбал, элбэг дэлбэг, түвшин амгалан байх жил.

-Ер нь шар нохой жилийн төлөвийг сударт юу гэж өгүүлсэн байдаг вэ. Мөн шинийн нэгэн ямархуу өдөр тохиож байна. Энэ жилд анхааралтай байвал зохих жилтэн гэж бий юу?

-“Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноёд авч, эд тариа үнэгүйднэ” хэмээн бичсэн байдаг. Хоёрдугаар сарын 16-нд буюу шарагчин туулай өдөр шинийн нэгэн тохиож байгаа. Буян үйлдвэл цаглашгүй буян нэмж, үйл бүтэх сайн өдөр. Үйл сэтгэлчлэн бүтэх, хот балгад барих, тариа тарих, худалдааг дэлгэрүүлэх, бүтээл үйлдэх зэрэг батжуулах үйлд сайн гэсэн байна. Шар нохой жилд үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх нь илүү сайн уу?

-Шинийн 15-ны талаар хүн бүр сайн ойлголттой байх хэрэгтэй. Энэ бол бурхан багш өөрийн ид хувилгаанаа үзүүлсэн билэгт сайн өдөр гэдэг. Энэ өдөр бурхны шашинтай бүх хүрээ хийдүүд Бурхан багшийн ерөөл магтаалыг тасралтгүй 15 хоног хурдаг учир буян ном сайн хийх, зөв үйл бүтээхийн төлөө шамдах хэрэгтэй. Тэгвэл буян цаглашгүй ихээр хураадаг гэж үздэг. Аль болох бие хэл сэтгэлээрээ муу зүйл атаа хорсол үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ заавал 15-ны дотор номоо уншуулвал сайн эсвэл уншуулахгүй бол муу гэсэн зүйл байхгүй. Тиймээс ямар ч өдөр бие, сэтгэл, яриа тэргүүтнээрээ зөв байхыг хичээх нь өөрөө буян юм. Манай хийд “Нимава ёс”-ны буюу “Аг тарины ёс”-ны, Монголчуудын ярьж заншсанаар “Улааны шашны ёсыг” баримталдаг. Энэ өдрүүдэд Лован Бадамжунай бурхны чого, Лүйжин тэргүүтэй бүхий л заслын номыг сүсэгтэн олондоо хурж үйлчилнэ.

-Шинийн 1-ний өглөө яагаад заавал мөрөө гаргах ёстой вэ. Мөн сар шинийн 1-ний өдөр гадаад хүн шиг золголт хийхгүй байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

- Ер нь Монголчууд эрт дээр үеэс амны билэгээс ашдын билэг гэж ярилцдаг. Түүнийгээ аж амьдралдаа тусгахыг хичээж билэгдэлээр амьдардаг хүмүүс. Шинийн 1-ний өглөө шинэ ондоо аз хийморьтой сайн сайхан байхыг билэгдэж, зам мөрөө зөв гаргах нь буруу биш юм. Шинэ онд шинэ эрч хүчтэй орлоо гэх сэтгэлийн засал юм. Монголчууд олон зууны турш хүнд хэцүү он цагийг туулж ирэхдээ нэг ч удаа бид зовж байна гээд Цагаан сараа тэмдэглэхгүй орхиж байсан түүх үгүй. Хүн бүрт, айл өрх бүрт аз жаргал зовлон гуниг ээлжилж байдаг. Гэвч шинийн 1-ний өглөө өөрсдийн бэлдсэн идээ ундаагаар ширээгээ дүүргэж сайхан он жил гарч байна гэж, амар сайхан байна аа гэж ерөөл билгийг тавьж, хоорондоо золгон өмнөх жилийнхээ зовлон зүдгүүрийг хуучин ондоо үлдээж ордог сайхан уламжлалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний энэ баяр маань өөрийн үндэсний хэв шинжээ алдаж бага зэрэг буруу тийшээ хазайгаад байгаа юм уу даа гэж ажиглагдах боллоо.

-Ард олон, улс орны амьдрал болохгүй бүтэхгүй зүйл их гарах болжээ. Үүнийг бурхны шашнаар тайлбарлавал ямар учиртай юм бэ?

-Зөв бодож, зөв амьдарч, зөв үйлийг хийж явбал хүний үйлс бүтнэ гэж бурхан багш сургасан байдаг. Буддын шашны хамгийн эхний номлол бол сэтгэлээ засах, сэтгэлээс, бодлоос үйлдэл гарна. Сэтгэл сайн бол үг яриа, үйл хөдлөл зөв байна. Хүний үг, үйл хөдлөл буруу болоод ирэхээр, үйлийн үр гэдэг зүйлийг хурааж эхэлнэ. Буддын шашинд хүний амьдралыг нэгхэн төрөл байдаггүй юм гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хүн дахин, дахин төрнө. Дахин төрөхдөө өмнө нь хийж байсан үйлийн үрээсээ шалтгаалаад, зовлонд унах уу, жаргал эдлэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Жишээлбэл, хүн бүрт муу хандаад, хүмүүстэй муухайгаар харьцаад байвал, хоёр гурван жилийн дараа хүмүүс түүнээс холдоод эхэлнэ. Энэ байдлаараа тэр хүн ганцаардана. Нийгэмд олон дотор байж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр тэр хүн ганцаараа, хөгширнө, өтлөнө, тэр хүн их зовно. Тэрний өмнөөс хүн зовохгүй. Хүн сэтгэлээ л засахгүй бол дараагийн төрөлдөө ч тэгж төрнө. Мөн муу санаатай, муу хүн дараагийн төрөлдөө дайн дажинтай, идэш хоол олдохгүй газар төрнө. Жишээлбэл, Арабын улсууд харахад баян тансаг сайхан боловч, дайн дажинтай, өглөө гэрээсээ гарсан хүн орой гэртээ амьд ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Омог хоорондын тэмцэл ихтэй. Өнөөдөр чи муу үйл хийгээд байвал амар амгалан монгол шиг бурхны сургааль сонсох газар дахин төрөхгүй юм байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Ялангуяа олон хүний хүртэх, хэрэглэх ёстой зүйлийг ганцаар зувчуулах нь маш буруу үйлдэл байгаа юм. Манай энэ нийгэмд амьдарч буй хүмүүс буруу үйл их хийдэг болоод байна.

-Яагаад монголчууд буруу үйл их хийдэг болчихсон юм бол?

-1990-ээд оноос хойш чөлөөт зах зээл хөгжөөд ирсэн чинь хүн болгон нийгэмд тэмцэлдэж амьдрах болсон. Хүн бүр шахуу эд хөрөнгө цуглуулахын тулд бүхэл бүтэн 20 гаруй жил амьдарчихлаа. Гэтэл цаанаа оюун санаа нь хоцрогдоод эхэлсэн. Хүмүүс зөвхөн олз, олохын төлөө зүтгэдэг болсон. Ингээд мөнгөний төлөө цаг наргүй наймаанд гүйж байх зуур нь хүүхдүүдийнх нь хүмүүжил гэж зүйл байхгүй болсон. Муу, муухай зүйлийг хошин шог, урлагийнхан хүртэл бах тав болгож харуулж байна. Балчир хүүхдүүдийн оюун санаанд ингэж болохгүй, ийм байж болдоггүй юм гэх зэргийг суулгахгүй бол болохгүй. Урлаг хүртэл хүүхэд багачуудад, алаан хядаан цус нөж үзүүлж байна. Тэрийг үзсэн балчирууд нь дуурайж байгаа нь аюултай. Өөрөөр хэлбэл, цэвэр хөрсөнд ингэж муу үр суулгаад байна. Бид өнөөдөр үр хойчдоо зөв боловсрол эзэмшүүлж, чи эх орныхоо үргэлжлэл юм шүү гэж сургах ёстой.

-Шашны үзлийг, мухар сүсэг гэж ойлгох хүмүүс байдаг. Үүний ялгааг тайлбарлаж өгөөч?

-Өчигдөр, өнөөдөр ийм болчихоод байгаа юм биш. 1930 хэдэн оноос эхлэн бурхан гэж юу байсан юм. Уул овоог нураасан ч яадаг юм гэх үзлээр эрхэмлэх нандигнах зүйлийг устгаад хаясан. Мухар сүсэг дэлгэрээд байна. Нотолгоо баримтгүй зүйлээ үнэн юм шиг яриад л амьтны толгой эргүүлдэг байдал дэлгэрсэн. Буддын шашин бол судалж, шинжилж байж гаргадаг. Түүнээс биш чи өнөөдөр ном уншуулахгүй бол маргааш үхнэ гэж хэлдэг мухар сүсэг биш. Ийм номлол гэж хаана ч байхгүй. Ийм үед хүмүүс өөр, өөрсдийнхөө үйлдлийг хичээх ёстой.

-Зөв амьдрахын тулд хэрхэн зөв зүйлд суралцах вэ?

-Оюунтүлхүүр сургаалийг судлах ёстой. Зөв зүйл хийвэл чиний үр хүүхэд чинь зөв явна гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараа нь говийн ноён хутагт Данзанравжаагийн зохиосон “Цаасан шувуу” зохиолыг мөн уншиж судлах ёстой. Хүүхдэд бол багаас нь аливааг хэлээд заачихаар, сэтгэхүйгээс нь арилдаггүй юм. Биднийг бага байхад, өвөө эмээ нар маань урсгал усанд ус, сүү дусааж болохгүй, хээр хөдөө гадаа явахдаа уул усны нэрийг хэлж орилж чарладаггүй юм гэх мэтээр сургадаг байсан. Хожим хойно гэмт хэрэг хийхээр нь шоронд хийж, засч залруулна гэвэл хэцүү. Бурхны шашинд зовлонгийн шалтгааныг дөрвөн зүйлээр номлосон байдаг. Ямар ч хүн зовлон үзнэ гэж.

-Яагаад?

-Өөлөх зүйлгүй тансаг сайн, сайхан амьдарч байсан ч тэр хүн хэзээ нэгэн цагт өвдөнө. Хагацна, сална. Өөрийн цуглуулсан эд хөрөнгөөсөө хагацаж магадгүй. Хүний гадаад үзэмж хичнээн сайхан байсан ч дотоод амгаланг олох боломжгүй. Хөрөнгөтэй хүн бүр амгалан сайхан байдаггүй юм. Гэхдээ ертөнц дээр амьдарч байгаа хүнийг хоосон амьдар гэж байгаа юм биш. Өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад, эдлэх ёстой зүйлээ эдлээд, хэрэглэх ёстой зүйлээ хэрэглэх ёстой. Зөв хөдөлмөрлөөд, зөв замаар олсон хөрөнгөө өвлүүлээд үлдээх хэрэгтэй. Харин бусдын зүйлийг хулгайлж, булааж, дээрэмдэж авах нь хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Өнөөдөр болж байгаа юм шиг боловч тэр хүний биед ямар нэгэн өвчин, зовлонгийн шалтгаан болж ирнэ. Хойд насанд нь ч үйлийн үр нь ирнэ.

-Хойд нас гэж байхгүй гэх ойлголттой хүмүүс бас байдаг?

-Хойд нас гэж юу байсан юм гэх атгаг сэтгэл ерөөсөө үүсгэж болохгүй. Тэр бол хамгийн болохгүй, гэмийн үйл юм. Зөвхөн ганц амьдрана гэж аж төрж болдоггүй. Сүүлийн үед үүнийг шинжлэх ухаанаар, судлаад, баталж үзэж байна. Хүн бүр өөр, өөр байдаг. Шувуу хэдийн өндөр ниссэн ч сүүдрээ гээдэггүй юм гэх үг бий. Хүн хэдий өндөр амжилттай, сайхан байсан ч үйлийн үр чинь чамайг үргэлж дагаж явдаг юм гэсэн үг. Тэгээд хэзээ нэгэн цагт чиний сайн ч бай, муу ч бай үйлийн үр сүүдэр шиг чинь дагасаар өөрт ирнэ. Чи урд төрөлдөө ямар явсан бэ гэдгээ мэдэхийг хүсвэл өнөөдөр байгаа амьдралаа нэг хар. Олонтой, сайхан гэр бүлтэй, ажилтай унах унаатай, идэх хоолтой, түвшин амьдралтай байгаа бол урд насандаа буян сайн хийж явсан байна шүү гэж бодож болно. Нэг насандаа хийсэн буяныг нэг насандаа эдэлж болно. Гэхдээ давуулж, эдэлж болдоггүй юм. Чи хойд төрөлдөө ямар хүн байх, ямар хүн байхыг мэдэхийг хүсэх юм бол өнөөдрийнхөө хийж байгаа үйлээ л шинжиж үз. Хүмүүс нэлээд худал хуурмаг болсон, хувиа хичээдэг болж, манай нийгэм нэлээд донсолгоотой болжээ.

-Яагаад манай нийгэм ийм донсолгоотой болчихсон юм бол?

-Хувь хүн хэзээ ч ганцаараа нийгэмд амьдарч чаддаггүй. Үргэлж хүмүүстэй харьцаж амьдарна. Түүнээс биш, нийгмээс тусгай байхгүй, бид гэдэг зүйлийг л хамт олноороо бий болгох ёстой. Цэвэрлэгч хүртэл миний хамт олон шүү гэх ойлголттой байх ёстой. Баян хүн харахаараа сайхан харьцдаг. Гудамжинд хог цэвэрлэж байгаа хүнд дээрэнгүй байдаг гэх мэт сэтгэл нь хөгжлийг доош татаад байна. Мөн цагдаа чиний төлөө, чамайг осолд оруулахгүйн төлөө эрсдлээс хамгаалж, анхааруулан хууль журмын дагуу торгож байгааг зөв ойлгохыг хичээвэл сайн. Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөөд, сайхан амьдрах хэрэгтэй байна. Орос, Америк, Герман, Солонгос шиг хөгжих ёстой гэхээсээ илүү Монгол ахуйг орчин үетэй нийцүүлэн дэлхийн хөгжилтэй ойртуулахыг хичээх ёстой. Ер нь зөв амьдралын дадал зуршлыг хэвшүүлвэл сайн. Тэгэхээр, Монголын гэсэн зүйлийг л судлах хэрэгтэй. Залуус гадаад яваад хэтэрхий харь сэтгэлтэй болчих вий гэж би санаа зовдог юм. Дэлхий дээрх бүх улс орнууд байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас болоод байгалийн гамшиг ихээр нүүрлэх болжээ. Өөрөөр хэлбэл олзны төлөө амьдарч байгаль дэлхийгээ маш ихээр сүйтгэж байна. Олсон мөнгөөрөө сүйтгэсэн бүхнээ эргээд худалдаж авч чадахгүй нь үнэхээр харамсалтай. Хүн төрөлхтөн дэлхийгээ эвдлээд байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close