Эх, хүүхдийг найман тэрбумаар агаарлуулах санал дэмжигдсэнгүй

Өнөөдөр 11.00 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан товлогдоод байна. Уг хуралдаанаар жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг хотоос зайдуу амралтын газарт тав хоног амраах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ гэж байсан. Тэгвэл уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлаас хассан байна. 

Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр "Эх хүүхдийг амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн газар дэмжихгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хассан" гэж мэдэгдлээ. 

Уг ажлыг зохион байгуулахад найман тэрбум төгрөг шаардлагатай гэж Засгийн газраас төлөвлөөд байсан ч олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан учраас ийнхүү хэлэлцэхээс татгалзсан бололтой. 

Урьдчилсан судалгаагаар 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг "Утааны эсрэг" ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс Засгийн газарт тавьсан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close