ГОВЬ-АЛТАЙ - БУРХАН БУУДАЙ УУЛ

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 онд 52 110 га газрыг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана.Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтадыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласанаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байдаг. Бурхан буудай ууланд Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close