ДАРХАН-УУЛ - ДҮРС НАРС

Дархан-Уул аймгийн нутагт байх бөгөөд Халх-Өөлдийн дайны үеийн нэгэн домогтой холбон ярьдаг. Өөлдийн Шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулж иржээ. Нутгийн иргэд Өөлдийн цэргүүдээс эмээж Дондов ламд хандахад тэрээр “би чадлынхаа хирээр нутгийнхаа ард түмэнд туслая, гэхдээ миний номын ид шид гүйцэх эсэхийг мэдэхгүй, ном айлдаад үзье” гэж хэлээд бумбанд байсан рашаанаасаа Өөлдүүдийн ирж буй зүгт цацаж, цацахад хэрэглэсэн шилмүүс бүхий мөчирөө (шашны хэллэгт бол гүш) мөн адил тэр зүгт хаяжээ. Рашаан цацсан гүш нь ногоон мод болж, рашааны дусал бүр нь олон мянган ургаа мод болжээ. Түүнийг алсаас харсан Өөлдийн цэргүүд  Өндөр гэгээний их цэрэг Хараа голын хөвөөнд ирж буужээ хэмээн айн сандарч зугтсан гэдэг. Түүний дэргэд байх Эрхэт уул нь баатар жанжны асар том майхан болон харагджээ. Ийм учраас энэ нарсан ойг Дүрс нарс гэж нэрлэжээ. Түүнээс хойш нутгийн ардууд зуны дунд сарын шинийн 15-нд тахиж бороо хур элбэг, зуншлага сайхан болохыг хангай дэлхийгээсээ гуйн залбирсаар өдийг хүрчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close