М.ТУЛГАТ: Хотжилтын бодлого алга, тиймээс том, жижиг тосгонтой л улс болжээ

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор эдийн засагч М.Тулгатыг урилаа.

Манай улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар нь өөр бусад салбарыг бодвол савалгаа ихтэйучир бодлого маань үүнийг хэрхэн тогтворжуулах, мөн байгалийн баялагаас орж ирэх орлогыг зөв хуваарилах, хөрөнгө оруулалтыг зөв тооцох, цаашилбал эрдэс бүтээгдэхүүний үнэ унасан үед эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй байх үүднээс хуримтлал буюу баялгийн санг бий болгоход төрийн бодлогыг чиглүүлэх учиртай.

УУЛ УУРХАЙН САЛБАР БА ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Нэг үеэ бодвол манай уул уурхайн салбар хөгжсөн, олборлолтын хүчин чадал, ашиглаж буй техник технологийн хувьд чамлахааргүй түвшинд хүрсэн байна. Жишээлбэл, манай “Хишиг Арвин” компани гэхэд жилд 25 сая тонн нүүрс олборлох хүчин чадал, хүн хүч, машин техникийн бааз суурийг бүрдүүлж чадсан. Цаана нь өөр маш олон компани байна. Монголын компаниуд нийлээд жилд 100 сая тонн нүүрсийг олборлож гаргах бүрэн чадамжтай болсон байна. За цаашилбал далд уурхай хөгжиж байна. Оюутолгойд Рио Тинто гүний уурхайн олборлолтын хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэн, тэр нь Монголд нутагшиж, монгол залуучууд хэдэн мянгаараа суралцаж байна. Тэгэхээр уул уурхайн салбарын хөгжил гэхээс илүүтэй, тэндээс орж ирэх орлогыг харин яаж зарцуулах, хуваарилах, хяналт тавих, засаглалаа яаж авч явах вэ гэдэг маань өнөөдрийн тулгамдсан асуудал болчихоод байна гэж харж байна. Жишээ нь сүүлийн хэдэн жил яригдсаар байгаа баялгийн сан буюу Sovereign wealth fund бол Монголд зайлшгүй шаардлагатай. Энэ сангаар дамжуулж уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх, мөн зах зээлийн савалгаанаас улс орны эдийн засгийг хамгаалах боломжтой болно. Харин түүний үр ашгийг гаргахын тулд тухайн сангийн удирдлагыг авч явах найдвартай засаглал хэрэгтэй. Тэгэхгүй болулс төрчдийн гоё харагдах, сонгуулийн өмнө түр зуурын байдлаар сонгогчдыг баярлуулах багаж хэрэгсэл болоод л дуусна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” тэднийг тойрсон гэрээт болон туслан гүйцэтгэгч маш олон компаниуд ажиллаж байна. Монголын эдийн засгийн нэг гол хөдөлгүүр энэ сумын нутаг дэвсгэрт байхад тухайн сумын төв маань өөрөө бусад жирийн сумын төвийг бодвол хэмжээний хувьд 2-3 дахин том, гэхдээ л “сумын төв” хэвээрээ, хөгждөггүй. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг аваад үзье. Дэлхийн хэмжээний том уурхай болох Оюутолгой энд ажиллаж байна. Мөн л нэг шороондоо дарагдсан сумын төв. Манай компани сүүлийн жилүүдэд эдгээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас эдгээр сумыг онцолж яриад байна л даа. Уул нь эдийн засгийн үйл ажиллагааны цар хүрээгээр нь авч үзвэл маш гоёмсог хот суурин газар босох зах зээл нь байна, эдийн засгийн хөдөлгөөн, зангилаа нь байна. Үүнд тухайн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг буруутгах аргагүй юм. Манай тогтолцооны л асуудал. Оюутолгойг жишээлбэл Эрдэнэттэй зүйрлэж, Эрдэнэт шиг том хот босгосонгүй, хэдэн сэндвичэн байшин барьлаа гэж шүүмжилдэг. Эрдэнэт бол өөр нийгмийн үед баригдсан хот. Түүнийг хувийн хэвшлийн компани биш, бүхэл бүтэн ЗХУ гэдэг улс байгуулсан. Хүйтэн дайны үеийн стратегийн бодлогын хүрээнд. Одоо цагт тийм юмыг шаардах нь утгагүй. Тэгээд ч уурхай дээр капитал хөрөнгө оруулалт оруулж, байшин барилга, хот байгуулна гэдэг туйлын буруу. Уурхай нь хаагдангуут дагаад хот нь сүйрчихдэг. Баахан хоосон эзэнгүй байшингууд. Тэнд нь дандаа хэт ядуучууд, гэмт хэргийн бүлэглэл гэх мэт орогноод “гетто” гэдэг юм үүсчихдэг. Харин бид Оюутолгойг зөв ашиглая гэвэл хамгийн ойр байгаа суурин газар болох Ханбогд сумыг хөөрхөн, авсаархан хот болгож хөгжүүлэх ёстой юм. Өнгөрсөн жил манай компани Оюутолгой-Ханбогдыг холбох 35 км замыг тавьж дуусгасан. Зам дагаж хөгжил гэдэгчлэн, одоо Ханбогд сум эрчимтэй хөгжих үүд хаалга нээгдсэн гэж бодож байна. Үүн дээр бид хууль эрхзүйн хүрээнд боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас л нэг “том хөдөө” болно. Улаанбаатар хот бол ер нь хот биш шүү дээ. “Том хөдөө” гэх үү, “том тосгон” юм. Айл өрхийн 60 хувь нь гэр хороололд, дэд бүтэцгүй, инженерийн байгууламжгүй байдалд амьдарч байгааг хотжсон гэхүү. Эрдэнэт, Дархан хоёр ямар гоё хот болон хөгжиж байлаа. Одоо бас араас нь орчихсон. Нэг л том хөдөө, аймгийн төв ч юмуу, эсвэл 10 сумын төв нийлүүлсэн дайтай “тосгон”. Энэ хэвээр явбал араас нь Цогтцэций, Ханбогд бүгд шил шилээ дагаад ингэж явна. Тэгэхээр эдгээр эдийн засгийн потенциал өндөртэй суурин газрууддаа яаралтай хотын тусгай статус олгож, төсвийн болон удирдлагын хувьд харьцангуй бие даасан шийдвэр гаргадаг болгож тусгайлсан бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. Хориннэгдүгээр зуунд Улаанбаатараас авахуулаад том, жижиг хэдэн тосгонтой л болж байна.

ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАТВАРЫН БОДЛОГО

Энэ хэлээд байгаа тосгонуудыг хот болгон хөгжүүлэхийн тулд эхлээд татварын тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй. Учир нь том ч бай, жижиг ч бай хот суурин газар өөрөө бие даан хөгжих, хотжих боломж нь тэдний өөрсдөө захиран зарцуулах төсөвтөө баригдаад хаагдчихдаг. Манайх татварын төвлөрсөн тогтолцоотой орон. Түүнийг нэг мөр задлах хэрэггүй байж болно. Харин цөөн тооны стратегийн хот суурин газартаа тусгай статус бий болгоод, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ийн нэг хэсгийг нь захиран зарцуулах эрхтэйгээр үлдээдэг болгон өөрчлөх боломжтой. ААНОАТ, НӨАТ зэрэг эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанаас бүрддэг татварын тодорхой хэсэг нь орон нутагтаа үлддэг бол орон нутгууд тухайн газар орондоо бизнесийг дэмжих, компаниудыг татах сэдэл, сонирхолтой болно. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтаймаш том дүүрэг. Энэ дүүргийн татварын хэлтэс хурааж авсан мөнгө Сангийн яам руу шууд татагдана. Дүүрэг өөрөө өөртөө захиран зарцуулах, дүүргийнхээ асуудлыг шийдэхэд ашиглаж болох орлого нь бууны хураамж, хогны мөнгө, захын худалдаачдаас татаж авдаг сарын 10 мянган төгрөгний хураамж гэх мэт жаахан хэсэг нь байдаг. Тиймээс дүүргийн удирдлагуудын хувьд Баянзүрх дүүрэгт том том аж ахуйн нэгж байрлана уу, байхгүй байна уу ер нь ялгаагүй болчихож байгаа юм. Манай суманд, манай дүүрэгт том том чадалтай компани орж ирээсэй гэж тухайн сум, дүүргийн засаг дарга нар үнэн сэтгэлээсээ бодохгүй. Яагаад гэвэл том компани орж ирлээ ч, тэдний татвар дээшээ улс руу л татагдана. Суманд юм үлдэхгүй учраас сумын иргэд, сумын удирдлагууд тухайн нутагт очиж байгаа компаниудыг урьж биш, хөөж угтдаг юм. Аймаг, нийслэлийн хувьд өөрөө өөртөө захиран зарцуулах татварын орлогын 60 гаруй хувь нь Хувь хүний орлогын албан татвар, за тэгээд үлдсэн нь тэмдэгтийн хураамж, замын хөдөлгөөний зөрчлийн торгууль гэх мэт хүү торгуулийн орлого байдаг. Ийм орлогоор нийслэлийнхээ мянган асуудлыг шийдэх гэж байгаа хотын даргын хувьд нийслэлд ямар ямар аж ахуйн нэгж орж ирэх, томрох, хөгжих нь яг үнэндээ бол сонин биш. Энэ гажиг тогтолцоог засч өөрчлөхгүйгээр хот суурин газрууд, орон нутгууд хөгжихгүй, мөн бизнес, эдийн засаг ч хөгжихгүй. Тэднийг үнэхээр дэмждэг орон нутаг, засаг захиргаа гэж алга.

БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН АСУУДАЛД

Манай улс нэн яаралтай багш нарын цалинг нэмэх, нийгмийн баталгааг нь сайжруулах шаардлагатай байна. Зарим хэсэг нь багш нар өөрсдөө муу байна, чанартай боловсрол олгочихоод цалингаа нэмүүл гэдэг. Харин би үүний эсрэг бодолтой явдаг. Цалин, хангамж сайн байж л энэ салбарт сайн хүмүүс цуглана. Харин ч манай багш нар боломжийн ажиллаж байгаа. Би нийслэлийн төлөөлөгчийн хувьд тойргийнхоо сургуулиудаар явах шаардлага гардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд боломж бололцоондоо тулгуурлаад эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Багш нарын цалин бага, нийгмийн үнэлэмж бага байхад бид тэднээс юу нэхэх юм бэ. Сурагчаасаа, тэдний эцэг эхчүүдээс тодорхой үнэлэмж, хүндлэл хүлээж чадахгүй байгаа багшаас хүүхэд юу сурах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Сүүлийн үед хүмүүсийн хэрэглээ өндөр болсон энэ цаг үед багшийнхаа хэрэглэж байгаагаас ч өндөр хэрэглээтэй хүүхдүүд сурч байна. Хэрэв цалин нэмсэнээр инфляци хөөрөгдөх нөхцөл болно гэж харж байгаа бол өөр бусад урамшуулал, мөн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх бусад хөшүүргийг ашиглаж болно. Жишээлбэл,10 жилээс дээш ажилласан багшид толгой мөнгий нь улсаас дааж, орон сууны зээлэнд хамруулах гэх мэт. Энэ мэтчилэн боловсролын салбарт ажиллагсдад амьдралын баталгаа, ажлын байраа хадгалж үлдэх боломжийг бүрдүүлснээр багш нарын нийгмийн байр суурь, үнэлэмж өсөх учиртай. Өнгөрсөн жил би Европын хэд хэдэн орноор явж боловсролын салбарынх нь үйл ажиллагаатай танилцсан юм. Тэгэхэд багш нар нь хувийн компанийн дунд шатны менежерийн цалингийн төвшнөөс дээгүүр хэмжээнд цалинждаг юм билээ. Зарим хүн төрөлхийн багшлах дур сонирхолтой, авьяастай байдаг. Манай гэр бүл багш гаралтай учраас би сайн мэднэ. Маш олон сайн багш болох байсан хүн өнөөдөр өөр ажил хийгээд явж байна. Сайн багш өнөөдөр уурхайд жолооч хийгээд явж байна. Цалин нь гурав дахин өндөр учир хүн амьдралаа л бодно. Бид багш нарыгаа ингэж үнэлчихээд, өөрөөр хэлбэл ирээдүйдээ ийм хэмжээнд хөрөнгө оруулалт хийчихээд, яаж гэрэлтэй ирээдүйг, үсрэнгүй хөгжлийг найдаж чадна вэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close