Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр ярьсан

Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хорь гаруй асуудлыг хэлэлцсэн. хуралдаанд Сангийн яамнаас таван асуудал хэлэлцүүлсэн бөгөөд үүнээс гурван асуудлыг өнөөдөр яамны сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хамгийн эхэнд, 2020 онд Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн барим бичгийг Засгийн газраар оруулж дэмжүүлээд УИХ-аар оруулахаар болсон байна.

Мөн 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг Засгийн газраар оруулж хэлэлцүүлэн УИХ-ын хуралдаанаар оруулахаар болсон. 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь, инфляцийн түвшинг 8 хувьд хүргэнэ гэж тооцжээ. Гадаад худалдааг нэг тэрбум долларын ашигтай байхаар тооцоолж байгаа аж.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдлыг хуульчилж өгсөн. 2020 оны төсвийн алдагдлыг ДНБ эзлэх хувь хэмжээгээрээ 5,1 хувь байна гэж тооцсон.

Төсвийн бүх зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бууруулсан. Энэ нь сайн үзүүлэлт бөгөөд цаашид тууштай хэрэгжүүлж явах учиртай гэж үзсэн байна. Төсвийн хүрээг тооцохдоо ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурсан байхаар тооцсон.

Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой хэмжээний зардлуудыг суулгаж өгч байна. Тухайлбал, цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр ярьж байна.

Мөн Засгийн газрын хуралдаанд 2020 он хүртэлх өрийн удирдлага гэсэн баримт бичгийг танилцуулжээ. Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувь байсан нь 2018 оны төгсгөлд 58.9 хувь болон буурсан. Арилжааны банкууд дээр байршиж байгаа Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг 2020 оноос эхлэн Төрийн санд төвлөрүүлэх бодлого баримтална.

2022 онд Чингис бондын 1 тэрбум, 2024 онд Хуралдай бондын 600 тэрбум доллар гээд нийт 2.9 тэрбум америк долларын өрийг төлөх ёстой бөгөөд үүнийг эдийн засагт хүндрэл учруулахгүй байхаар төлөх стратегийг баримт бичигтээ тусгалаа” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close