Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцах болсонтой холбогдуулж өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Кобаяши Хироюкид Монголын ард түмнийг төлөөлж Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ноён Элчин сайдыг манай улсад ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг зэрэг бүх салбарт өргөжин хөгжиж шинэ шатанд гарсан. Хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилласныг онцоллоо.
Ялангуяа, цар тахлын хүнд үеийг Япон Улс Монголын ард түмэнтэй хамт даван туулж, 25 тэрбум иений хөнгөлөлттэй, яаралтай тусламжийн зээл олгосон. НҮБ-ын Хүүхдийн сан /UNIСEF/-гаар дамжуулан шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 2 сая 300 мянга орчим тун файзер /Pfizer/ вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд Элчин сайдын хувиар чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэлээ.
Элчин сайд Кобаяши Хироюки Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ажил хэрэгчээр хамтран ажилласандаа баяртай байдгаа илэрхийлэв. 2021 оны долдугаар сард Токиогийн олимп, паралимпийн наадмын нээлт болон 2022 оны есдүгээр сард Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон нь Монголын ард түмний элгэмсүү, найрсаг нөхөрлөлийн илэрхийлэл болсон гэдгийг тэмдэглэв.
Мөн “Монгол Улс миний хувьд эх орноос минь өөрцгүй, хүндтэй сайхан орон. Миний сэтгэл зүрхэнд чухал байр суурь эзэлдэг. Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээлгэсэн миний эх орон Япон Улсад, намайг халуун дотноор хүлээн авч, тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын нөр их хүчин чармайлтын үр дүнд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж байгаа. Коронавируст халдварыг бид хамтдаа богино хугацаанд даван туулж чадсан. Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” гэв.
0 cэтгэгдэлтэй