ЗАЛУУ МАЛЧИД ӨМӨЗО-НЫ МАЛЧИДТАЙ ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

Serelt admin 2024-05-20

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан улс, орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд залуу малчдыг чадавхжуулах зорилгоор нийт 23 залуу малчныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны мал аж ахуйн онцлог, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт, зах зээлийн боломж нөхцөл, хоршооны бүтэц үйл ажиллагаа, дэмжлэг, зохицуулалтын талаар туршлага судлуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрт хамрагдсан залуу малчид Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймгийн малчин айлд зочлон хашаалсан бэлчээрт малыг үр ашигтайгаар тэжээх, ашиг орлого, эдийн засгийн тооцооллыг оновчтой хийх, техник тоног төхөөрөмжийг ашиглан хөдөлмөр хөнгөвчлөх, түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээлд нийлүүлэх, өндөр ашиг шимт малыг төрөлжүүлэн өсгөн үржүүлэх болон мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтэй танилцсан төдийгүй хамтын ажиллагааны сууриа тавилаа.

Мөн залуу малчид малын хашаа, хороог барих стандарт, өвс, тэжээлийг норм жорын дагуу бэлтгэн малыг зөв зохистой тэжээснээр мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах талаар харилцан туршлага судалж, дадлагажсан үр дүнтэй танилцах аялал хийлээ.