Улс орнууд паралимпын медальтнуудаа хэрхэн урамшуулдаг вэ?

Serelt admin 2024-09-3

Парисын паралимп ид үргэлжилж, одоогоор Монгол Улс нэг алт, хоёр мөнгөн медальтай хүртэн, түүхэн амжилтаа үзүүлж байна. Анх удаагаа монгол орон даяар паралимпын наадмыг шууд дамжуулж, олимптой адил анхаарал хандуулж байгаад олон хүн олзуурхаж буй. Төр засгаас ч паралимпын тамирчдыг олимпийн тамирчидтай адил урамшуулдаг нь магтууштай. Гэтэл зарим улс орнууд олимп, паралимпын тамирчдадаа тун ялгаатай ханддаг гэнэ. Жишээлбэл, Хонг Конгийн тамирчид олимпоос алтан медаль хүртвэл ойролцоогоор 770 мянган ам.долларын урамшуулал хүртдэг бол паралимпоос алтан медаль хүртвэл ойролцоогоор 192,369 ам.долларын урамшуулал хүртдэг аж. Олимпийн алтан медальтны урамшууллын дөрөвний нэг буюу 25 хувь л гэсэн үг.

Харин Сингапур олимпийн алтан медальд 765,184 мянган ам.доллар амладаг бол паралимпын алтан медальд 382,000 ам.долларын урамшуулал олгодог. Хоёр дахин бага урамшуулал.

Гэтэл зарим улс орнууд олимп, паралимпын тамирчдаа адилхан урамшуулж эхлэв. Канад л гэхэд энэ жилээс эхлэн паралимпын тамирчдаа олимптой адил урамшуулдаг болжээ. Алтан медальд 20 мянган канад доллар, мөнгөн медальд 15 мянган канад доллар, хүрэл медаль 10 мянган канад доллар өгдөг.

Малайз 2016 оноос, Австрали 2021 оноос эхлэн олимп, паралимпын тамирчдаа адилхан урамшуулдаг болжээ.

Наадмыг зохион байгуулагч Франц улс паралимпын тамирчдадаа анхаарал хандуулж, 2017-2023 оны хооронд төсвийг нь 250 хувиар нэмэгдүүлжээ. Мөн урамшууллын мөнгөө өсгөсөн аж. Токиогийн паралимпоос алтан медаль хүртсэн тамирчин 65 мянган евро хүртсэн бол Парисын паралимпоос алтан медаль хүртвэл 80 мянган еврог хүртэх гэнэ. Мөн дасгалжуулагч нар ч энэ хэмжээний мөнгөн урамшуулал хүртэх учиртай.