ЧИНГИС ХААН ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШАНХАЙ ХОТОД ТОГЛОНО

Serelt admin 2023-11-23

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд толилуулах гэж байна.

Монгол үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний чухал зорилтын нэг нь уламжлалт өв, соёл, урлагаа дэлхийд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх бөгөөд  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Хүн төрөлхтний соёлын биет бус өв, өнө эртний баялаг түүхтэй Монголын үндэсний урлагийн сор болсон морин хуур хөгжмийн гайхамшигт хөг аялгууг гадаадын 30 гаруй орны алдарт тайзнаа эгшиглүүлэхэд Монгол Улсын ГХЯ болон хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд бүхий л боломжийг бүрдүүлж ирсэн билээ.

Энэ удаагийн тоглолт нь Морин хуур чуулгын ардын болон сонгодог 13 бүтээлээс бүрдэх бөгөөд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хот, худалдаа, эдийн засаг, санхүү болон соёл урлаг, дизайны томоохон төв Шанхай хотод анх удаа тоглох гэж буйгаараа онцлог юм.

Шанхай хотын Ягуар симфони оркестр нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд акустик, өвөрмөц, барилга байгууламж, загвар дизайнаараа БНХАУ-д төдийгүй Ази тивд шилдэгт тооцогддог. Эдүгээ дэлхийн 100 гаруй улс орнуудын шилдэг тоглолтыг тасралтгүй хүлээн авсан байна.