Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Serelt admin 2024-09-30

Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг байна. Нийслэлийн хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр ихсэж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа.

Тиймээс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Уг үйлдвэрийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрджээ. Ландфиллын байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бол барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах хүчин чадал өдөрт 100 тонн байна.

Энэхүү үйлдвэрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар барьж байгуулжээ.