БНСУ-ын “BNCE” компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаа илэрхийллээ

Serelt admin 2025-04-11

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд БНСУ-ын Бусан хотын “BNCE” компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах саналыг тавьсан. Уг саналын дагуу хамтарсан уулзалт хийхээр “BNCE” компанийн гүйцэтгэх захирал Seok Daeung Монгол Улсад иржээ. Тэрбээр өнөөдөр /2025.04.10/ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албатай уулзалт хийлээ.

Ажлын албаны дарга С.Даваасүрэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо аж ахуйн нэгжүүдийн уурын зуухыг хариуцаж байгаа бөгөөд нэн тэргүүнд хотын төвийн хэсгийн 46 зуухыг шинэчлэхээр ажиллаж байгааг танилцуулав.

“BNCE” компани нь БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар агаарын бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулж буй аж. Хийн түлш, нарны эрчим хүчний хосолмол энэ төслөө Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа гүйцэтгэх захирал Seok Daeung илэрхийлэв.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах энэ төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газраас 5 сая хүртэлх ам.долларын санхүүжилт олгодог юм байна.

Уулзалтад Ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Төмөрбат, мэргэжилтэн Т.Болорчимэг нар оролцов.