Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ боллоо

Serelt admin 2023-11-26

Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 800 гаруй өсвөр үеийн залуусын төлөөлөл оролцож байна.Ийнхүү 16 нас хүрч буй өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 46306 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-т мөн зохион байгууллаа.