“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүү орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ бичиж, видео бичлэг хийж ирүүлснээс 150 сурагчийг зохион байгуулагчид сонгон шалгаруулжээ.
Нээлтийн үйл ажиллагааны өмнө 2021, 2022 оны хөтөлбөрийн онцлох амжилтуудын талаар болон 2023 оны хөтөлбөрийн талаар товч мэдээллийг зохион байгуулагчид оролцогч сурагчдад өглөө. Мөн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрт шалгаран оролцож буй сурагчдыг төлөөлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Түмэн-Өлзий, Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Энхрийлэн нарын сэтгэгдлийг сонсов. Тэд хөтөлбөрт хамрагдсанаараа нийгэмд, үе тэнгийнхэндээ гэрэл гэгээг түгээдэг нөлөөлөгч болох зорилго тээж ирснээ хэлсэн.
Үргэлжлүүлэн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөтөлбөр анх эхлэхдээ буюу 2021 онд 90 хүүхэд, 2022 онд 91 хүүхэд сонгон шалгаруулж байсан бол энэ удаад 150 хүүхдийг хамруулж, цар хүрээ нь илүү өргөжиж буйг тэмдэглэсэн. Мөн “Хөтөлбөрөөр дамжуулж сурагчдын оролцоог хангаснаараа ирээдүйн Монгол Улсын хөгжлийн шийдлийг эрэлхийлж байна, та бүхэн Монгол Улсын 1.2 сая хүүхдийн элч, төлөөлөгч, Монгол Улсын төр засагтай Монголын хүүхдүүдийг холбогч гүүр нь болно. Танай аймагт ямар асуудал байна, та нарын үеийнхэн юу хүсч байна, төр засаг юуг дутуу хийж байна гэдэг асуудалд дуу хоолой болж оролцоорой” хэмээн захилаа.
Дараа нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, зайлшгүй анхаарах ёстой асуудал болж буй агаар, хөрс, усны бохирдлын эсрэг хүүхдүүд та бүхэн Монголын бүх хүүхдүүдийн дуу хоолой болно. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг өөрийгөө илэрхийлэх том тавцан болгож ашиглаарай. Асуудлыг хараад шүүмжлээд өнгөрөх бус ямар шийдэл байдгийг өөрсдийн зүгээс харуулах боломж юм шүү, хөтөлбөрийг өгөөжтэй болгоход бие биенээсээ суралцаарай гэж тэмдэглэв. Мөн Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахыг урилаа.
“Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн анхны хичээлийг НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Ч.Урнаа заалаа. Тэрбээр орчны эрүүл мэндийн талаар оролцогч хүүхдүүдэд ойлголт, мэдлэг мэдээлэл өгсөн.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр хичээл зааж, Үндсэн хуулиа сайтар судлахыг захисан. Тэрбээр, мөн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг танилцуулж, зорилтыг зөвхөн Улсын Их Хурал хэрэгжүүлэхгүй, иргэд, өсвөр үеийнхний оролцоо ч шаардлагатай. Тиймээс “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг санаачилсан гэж танилцуулав.
Гурав дахь хичээлийг “Цойлогсод” залуусын нэгдлээс “Өсвөр үеийнхний оролцоог дэмжих нь яагаад чухал вэ” гэсэн сэдвийн хүрээнд зааж, төгсгөлд нь “Өсвөрийн парламент 2022” хөтөлбөрийн оролцогч Г.Бөртэ эрчим хүчний хэрэглээ-хэмнэлт сэдвийн хүрээнд байгаль ээлтэй амьдралын хэв маяг болон парламентын үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл олж авах зэргээр шинээр юу сурсан талаар сэтгэгдлээ хуваалцсан.
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа оролцогч бүх сурагчид Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, өдрийн хоол идэхийн зэрэгцээ орчны эрүүл мэндийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрөөр дамжуулж Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх юм
0 cэтгэгдэлтэй