Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд “Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад өчигдөр /2023.11.28/ хяналт, шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэсэн тайлбарыг өгчээ. Түүнчлэн ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж байгаа аж.
Шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажил 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх аж. Хэрэв холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ хэмээн Шударга өрсөлдөөг хэрэглэгчдийн төлөөх газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй