ХЗБХ: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Serelt admin 2023-11-29

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар тусгажээ.

Хууль, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох хууль тогтоомжид шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, оролцогч талуудын хүний нөөц, тэдгээрийн чадавхыг сайжруулах, ажил, үүргийн хуваарилалтыг тодорхой болгон харилцан уялдаатай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг даалгажээ.

Мөн гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны байгууллагын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, үйлчилгээ үзүүлэгч талуудыг чадавхжуулах, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын арга зүйг нэн тэргүүнд нэвтрүүлэх,  хүүхэд хамгааллын тогтолцооны бүхий л хүрээнд хүүхдийн оролцоог хангаж ажиллах дүрэм, журмыг боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд оролцогч талуудыг сургахыг даалгахаар төсөлд тусгасан байна.

Хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүүхдийн дээд эрх ашгийг бүх нийтэд таниулан сурталчлах чиглэлээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг олгох, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа бусад арга хэмжээг зохион байгуулахыг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар төсөлд тусгажээ. Мөн хүний эрхийн боловсролын сургалт, хөтөлбөрийг чанаржуулан Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэх сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулга нь хүний эрхийн суурь мэдлэг, ойлголт, түүнийг эрхэмлэн дээдлэх хандлагыг бий болгоход анхаарах; хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, цогц байдлаар шийдвэрлэх нь ирээдүйд бий болох хүн амын нийгмийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн чанарын асуудалд чухал болохыг анхаарах; хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудлаарх хэвлэл мэдээллийн байгууллага, телевизүүдийн хөтөлбөрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй хэмээн төсөлд тусгасан байна.