Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албатай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “Жаргалтай гэр бүл” төслийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
Энэхүү төсөл нь бүртгэл, судалгаанд хамрагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй өрх, хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй этгээдийг нэг бүрчлэн хяналтад авч, зан үйлд нөлөөлөх сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хамтарсан багуудыг чадавхжуулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шат шатанд эрчимжүүлэх зорилготой юм.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Ажлын албаны дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Гантулга, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар оролцлоо.
0 cэтгэгдэлтэй