Д.Энхбатыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

Serelt admin 2023-11-30

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг УИХ-аас нэр дэвшүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Ингэснээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон юм.

УИХ-ын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг УИХ-ын даргын санал болгосны дагуу УИХ томилж, чөлөөлнө” хэмээн заажээ. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргад Д.Энхбатыг нэр дэвшүүлэв. Түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Д.Энхбатыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ.

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатын товч намтрыг танилцуулъя.

  • Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
  • 2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх,
  • 2017-2022 онд ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт,
  • 2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УлИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.