Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал байдаг. Үүнд:
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал
- Монголын ард түмний эв нэгдэл
Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудалд Ерөнхийлөгч онцгойлон анхаарал хандуулж, хууль хүчний байгууллагуудыг яаралтай ажиллуулж, үр дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэх чиглэлийг Засгийн газарт өгч байна” гэлээ.
Ерөнхийлөгчийн чиглэл өгөх тухай албан бичигт “Монгол Улс төрийн байгуулламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь Монгол төрийн үндсэн үүрэг, Үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос энэ сарын 5-нд зохион байгуулсан сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Үндсэн хууль бусад хууль, тогтоомжийг зөрчиж, гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримтыг гаргаж тавилаа. Тиймээс Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтаар холбогдох арга хэмжээг авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг шуурхай танилцуулахыг чиглэл болгож байна” гэжээ.
0 cэтгэгдэлтэй