Өмнөдийн дээд түвшний уулзалт болж байна

Serelt admin 2024-01-23

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо 2024 оны 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болж байна.

“Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд болж буй Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтаар хөгжиж буй орнуудын түншлэл, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг арилгах, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, цахим эдийн засаг, шилжилт хөдөлгөөн зэрэг өргөн хүрээний олон асуудлыг хэлэлцэх юм.

Дээд түвшний уулзалтад Уганда, Ботсвана, Экваторын Гвиней, Шри Ланка зэрэг улсын Ерөнхийлөгч, Куба, Бенин, Мальдив зэрэг улсын Дэд ерөнхийлөгч, Алжир, Гаяана, Руанда, Эсватини, Өмнөд Африк, Филиппин, Сингапур, Бразил зэрэг улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг 130 гаруй улс, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцож, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөгжиж буй орнуудын түншлэлийг бэхжүүлэх талаарх байр сууриа танилцуулж байна.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад оролцож байгаа бөгөөд тэрээр 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцуулна.

Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтын дүнгээр төлөөлөгчид олон улсын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын хөгжлийн дэмжих замын зураглал болох төгсгөлийн баримт бичгийг гаргана.

Хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий 77-ийн бүлгийн үйл ажиллагаанд Монгол Улс 1989 оноос хойш идэвхтэй оролцож байна.