Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг” Өчигдөр ажлын хэсгийн дүгнэлтийн хүрээнд Засгийн газар хуралдаж малчдад үзүүлэх дараагийн шатны арга хэмжээнүүдийн тухай танилцуулсан байгаа. Энэ хүрээнд хамгийн хүнд байгаа буюу мөсөн болон цагаан зудтай 14 аймгийн 111 сумдад улаанбуудайг улсын болон аймгийн нөөцөөс гаргаж, хүргэж өгөхөөр болсон. Тухайлбал, нийтдээ 1578 тонн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр аймгуудтай гэрээ байгуулан хүргэж, малчдад түгээхээр болсон. Одоогоор 12 аймаг гэрээ байгуулаад байна. Тодруулбал, Булган аймаг 300 тонн, Дорнод 600 тонн, Дундговь 750 тонн, Өвөрхангай 900 тонн, Завхан 1200 тонн улаанбуудайг авч малчдад хүргэх хуваарьтай байгаа. Улаанбуудайгаар мал тэжээхдээ эхлээд заавал давстай эсхүл хужиртай бүлээн усаар усална. Хоёрдугаарт, буудайг жижиглэж, нунтаглаад халуун усанд 4-5 цаг дэвтээсний дараа малдаа өгөх нь тохиромжтой гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа” гэлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү” Өчигдөр болсон Засгийн Газарын хуралдаанаар төмөр болон цагаан зудын нөхцөл байдалд байгаа малчин өрхүүдэд улсын нөөцөөс хүнсний тусламж үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд маргаашаас эхлэн тээвэрлэлтүүд хийгдэж эхэлнэ. Түүнчлэн зудтай холбоотойгоор иргэд, ААН байгууллагууд сайн дурын хандивын аяныг эхлүүлээд байна. Хандивын хөрөнгийг УОК-д хүлээлгэж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар 108 иргэн, ААН, ТББ, холбоодоос 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна. Түүнчлэн таван иргэн, 37 ААН байгууллагаас 773 сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн” гэлээ.
0 cэтгэгдэлтэй