Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлгүүд өнөөдөр (2023.11.23) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Парламентын өөрийн үнэлгээний хоёрдугаар хэсэг “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн бодлого, тогтолцоо” сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгээр өрнөлөө. Жендэрийн үнэлгээний Үндэсний зөвлөх М.Батбаатар өмнөх өдөр гарсан зарим саналыг сэргээн сануулж, чиглүүлэв.
Улсын Их Хурал дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, квот бол байж болох хамгийн доод хэмжээ буюу босго тоо гэдгийг санаж улс төрийн намууд манлайлал үзүүлэх, эмэгтэй нэр дэвшигч олонтой байх нь давуу тал болдог олон улсын жишгээс туршлага судлах нь зүйтэйг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр гишүүдийн тоог 126 байхаар тусгасан нь парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан нь парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол хөшүүрэг болно гэж тэрбээр онцлов. Гэвч парламент дахь хүйсийн тэнцвэрийг хангахад нөлөөлдөг сөрөг хүчин зүйлс нь эерэгээсээ олон байгаад санаа зовж байгаагаа дурдлаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг холбогдох хуулиудаар өргөн хүрээнд зохицуулсан боловч практикт хууль тогтоомжийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш байгааг Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөх Б.Долгор ярив. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллага төдийлэн үр дүнтэй ажиллаж чадахгүй байгааг тэрбээр шүүмжиллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн тогтолцоо”-ны талаар товч танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлж, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх”, Улсын Их Хурлын Тамгын газрын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Тамгын газрын удирдах болон бусад ажилтны дотор жендэрийн тэгш байдлыг хангах, энэ талаар холбогдох хууль тогтоомжид заасан механизмыг хэрэгжүүлэх”-ээр тусгасан. Хууль болон бусад шийдвэрт жендэрийн үнэлгээ хийх журам, аргачлалыг боловсруулж, дүн шинжилгээ, үнэлгээ хийх механизмыг бүрдүүлэхэд энэ удаагийн парламент анхаарч ажиллаж байгааг тэрбээр тодорхой дурдсан юм..
Монгол Улс жендэрийн асуудлаар бүс нутаг, олон улсын хэмжээнд олон арга хэмжээг зохион байгуулж, идэвхтэй ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаас 2011-2020 онд баталсан бодлогын 70 баримт бичгийн 16 (22.9 хувь)-д, 253 хуулийн 74-т жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл санаа, зохицуулалтыг шууд болон шууд бусаар тусгасан байна. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаар Засгийн газраас тайлагнаж, илтгэх, хоёр жил тутам УИХ-аар хэлэлцүүлэх үүрэгтэй боловч үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. УИХ-ын түвшинд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн үнэлгээ хийх аргачлал батлагдсан боловч жендэрийн анализ хийх нарийвчилсан удирдамж, аргачлал тодорхой болоогүй байна хэмээн дүгнэв.
Түүнчлэн сонгуульд нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажил, албаа хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалт нь төрийн албанд ажиллагсдад халгаатай, эргээд ажиллах боломжийг хааж хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг, эмэгтэйчүүдийг нэр дэвшихэд саад болж буй гол шалтгаан болж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид хөндөн ярилцлаа.
Жендэр нь хүйс харгалзахгүй хамаарах асуудал тул дан ганц эмэгтэйчүүдийг онцлох нь утгагүй гэсэн байр суурийг хэлэлцүүлэгт оролцогчид сануулж байлаа. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, нэгэнт парламентад жендэрийн үнэлгээ хийж байгаа бол жинхэнэ утгаараа хууль хэлэлцэхдээ жендэрийн мэдрэмжтэй байж, Улсын Их Хурлын гишүүд манлайлал үзүүлэх хэрэгтэй гэсэн юм. Монгол Улсын 30 жилийн түүхтэй парламентад сонгогдсон шинэ гишүүд тангаргаа өргөсний дараа цаашид хэрхэх ёстойг танилцуулах сургалтын хөтөлбөрт жендэрийн хичээлийг оруулах ёстой. Тэгж байж үр дүн гарна гэсэн саналыг хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн нэгдсэн дүгнэлтийн танилцуулгыг парламентын өөрийн үнэлгээний Жендэрийн асуудлаарх үндэсний зөвлөх Б.Долгор хийсэн юм. Жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг тодорхой болгох, ялангуяа Улсын Их Хурлын үнэлгээний аргачлалыг тодорхой болгох, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, бүх хууль тогтоомжид жендэрийн үнэлгээ хийх, парламентын гишүүд, Тамгын газрын ажилтнуудыг энэ чиглэлээр чадавхжуулах, Улсын Их Хурлын Ерөнхий нарын бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүнийг томилж ажиллуулсан нь ихээхэн үр дүн, ахиц авчирсан, тухайлбал өнөөдрийн хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд Л.Өлзийсайхан даргын санаачлага, оролцоо өндөр байж манлайлсан, тиймээс түүний оронд эмэгтэй хүнийг томилоход анхаарах, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албажуулах, сонгуулийн хуульд заасан квотыг суурь болгож хэрэгжүүлэх, төрийн албаны дөртэй хүмүүсийг парламентад нэр дэвших нөхцөл, боломжийг бүрдүүлснээр сонгуулийг өндөр үнэ ханшаар явуулдаг байдлыг сааруулахад үр дүнтэй зэрэг санал гарсныг дүгнэлтийн төсөлд нэгтгээд байгааг тэрбээр танилцууллаа.
Монголын парламент дахь жендэрийн үнэлгээний хэлэлцүүлэг үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй