12 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

Serelt admin 2024-03-29

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

2024 оны гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, хурлыг өнөөдөр 09.00 цагт Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлосон. Гэвч хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул дөрөвдүгээр сарын 16-ны 09.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.