Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар кабель кар” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр (2024.04.04) Яармагт боллоо.
Оргил цагуудад хамгийн их түгжрэл бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн сонголт хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох Яармагийн Арцатаас Өнөр хороолол (I хороолол) хүртэл 4.2 км урттай дүүжин замын тээврийн шугамыг 2 зогсоол, 19 тулгуур баганатай барьж ашиглалтад оруулна.
Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах энэхүү “UBCABLECAR” -ийн чиглэл нь нэг талдаа 12 минут зарцуулна. Нийт 98 кабинтай, кабин тус бүрд 10 хүртэл зорчигчийн багтаамжтай. Цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хүн бүрд хүртээмжтэй, суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм.
“UBCABLECAR” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг дэвшилтэд тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.
Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа. Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2020 оны тавдугаар сарын 12-ны өдөр байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Засгийн газар 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг “UBCABLECAR” төсөлд зориулан олгохоор болсон. Санхүүгийн хэлэлцээрийг УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр соёрхон баталсан байдаг.
Төслийн гүйцэтгэгчээр Франц Улсын “Пома” групп ажиллаж байгаа бөгөөд “UBCABLECAR” ийн барилга угсралтын ажлыг 2024 оны IV улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Улмаар 2025 оны хоёрдугаар хагас жилд туршилт тохируулгын ажлууд дууссаны дараа бүрэн ашиглалтад оруулах юм. “Пома” групп нь энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай компани бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж дүүжин замын тээвэр “UBCABLE”-aaс гадна их багтаамжийн нийтийн тээвэр “UBMETRO”, тусгай замын автобусны сүлжээ “UBBRT”, нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.
0 cэтгэгдэлтэй