“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажилласан. Тус хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен өнөөдөр (2024.04.08 ) хэвлэлийн бага хурал хийж, “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд нээлттэй сонсгол зохион байгуулагдах товыг тогтоосон талаар мэдээлэл өглөө.
Түр хороо ажиллах хугацаанд давхардсан тоогоор нийт 1164 төрийн байгууллага, албан тушаалтнаас 6183 нотлох баримтын хүрээнд 153200 хуудас бүхий цаасан нотлох баримт, 84692 файл нотлох баримт зэргийг гаргуулан авч эм, үнэ, чанарын асуудлаарх төрийн худалдан авалт, эм зүйн салбар дахь шийдвэр гаргах түвшинд албан тушаалтны харилцан хамаарал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эмийн үнэ болон чанарын асуудлаар нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, дүн шинжилгээ хийсэн болохыг Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ярианыхаа эхэнд тэмдэглэв. Мөн нотлох баримт цуглуулах ажлын хүрээнд 150 орчим хүнтэй уулзалт, ярилцлага хийсэн байна. Үүнээс гадна 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн иргэдээс холбогдох мэдээллийг хүлээн авч дүн шинжилгээ хийж ажиллажээ. Ингээд Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд гурван өдөр зохион байгуулахаар болсныг Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн олон нийтэд зарлан мэдээллээ.
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эмийн хүртээмжийн асуудал ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал зэрэг сэдвүүдээр нээлттэй сонсголыг зохион байгуулах бол 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эмийн үнэ ба шалтгаан нөхцөл ерөнхий сэдвийн хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл, эмийн үнийн мэдээллийн ил тод байдал болон өнөөгийн нөхцөл байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд зэрэг сэдвээр нээлттэй сонсголыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эмийн бүртгэл болон чанарын хяналт ерөнхий сэдвийн хүрээнд эмийн чанарын тогтолцоо, эмийн чанарыг шалгах лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн, Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол, эмийн салбар дахь монопол тогтолцоо зэрэг сэдвийн хүрээнд олон нийтэд нотлох баримтын хүрээнд мэдээлэл танилцуулах юм байна. Сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид хянан шалгах түр хорооны гишүүд сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй