УОК-ын дарга С.Амарсайхан “Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болзошгүй ахуйн болон бусад осол гэмтлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэтэл нөгөө талдаа эрсдэлээс үүдсэн хохирол барагдуулах тухай асуудал эзэнгүйдэж хоцорч байгаа юм. Ийм учраас эрсдэлийн даатгалын тогтолцоог сайжруулж, хохирлын хэмжээг багасгах стандарт руу шилжих зайлшгүй шаардлагатай байна.
Сүүлийн үед гарсан осол гэмтлүүд үүний тод жишээ болж буй. Даатгалгүйгээс үүдэж хохирлыг бүрэн барагдуулж чаддаггүй. Нөгөө талаас төр бүгдийг нь барагдуулах тухай асуудал ч хязгаарлагдмал. Хохирогчийг тодорхой болгох, хохирол учруулсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар хянан шийдвэрлүүлэх гэсээр хугацаа их ордог. Энэ хооронд иргэд хохирч үлдэх асуудал элбэг тохиодог. Ийм учраас гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг ажлын хэсэг байгуулж, шинээр боловсруулан, Засгийн газарт өргөн барих асуудлыг шийдвэрлэлээ.
Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэж, барилга байгууламж, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад буй. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтэд дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас уг байрыг нураана. Нийслэлийн хэмжээнд уг асуудлыг шийдвэрлэхээр эцэслэж байна. Хохирлыг барагдуулах, шинээр барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэрэг нийслэлийн удирдлагад шилжинэ. Засгийн газраас нийт таван тэрбум төгрөгийг уг асуудалд төсөвлөсөн. Одоогийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах чиглэл өгсөн” хэмээв.
Уг асуудалтай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл “207-р байрны тухайд дам нуруунд үүссэн ан цав нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс тав дахин их буюу арматур хэв гажсан байдалтай. Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзсэн. Бусад гурван барилга нь хүчитгэх шаардлагатай, засвар хийхээр шийдвэрлэсэн. Ерөнхийдөө 207-р байрыг буулгана” гэлээ.
0 cэтгэгдэлтэй