Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд “Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх” – ээр тусгагдсан. Соёлын яамнаас уг тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн бөгөөд энэ жил Эрдэнэт хотноо 2024 оны 4 сарын 26 – 27 ний өдрүүдэд доорх арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.
“НИЙГМИЙН ИННОВАЦ БА УДИРДАХУЙН ШИНЭЛЭГ ХАНДЛАГА”
УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ
Соёлын яамнаас “Монголын инновацийн 7 хоног 2024” арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн Соёл урлагийн газар болон Соёл урлагийн их сургуультай хамтран “Нийгмийн инновац ба удирдахуйн шинэлэг хандлага” сургалт, арга хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 26 – ны өдөр Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
Сургалт, арга хэмжээнд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Бүх нийтийн соёлын боловсролын бодлого”, СУИС-ийн дэд захирал, доктор, профессор Ж.Эрхэмтөгс “Соёл, урлагийн байгууллагын стратеги ба инновац”, СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч М.Гэрэлмаа “Соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний менежмент” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.
Уг сургалтыг Ж.Эрхэмтөгс доктор удирдан явуулж, Орхон аймгийн соёл, урлагийн байгууллагын дарга, захиргааны нийт 30 гаруй албан хаагчид оролцож, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааны дутагдалтай болон давуу талыг тодорхойлж, багийн ажил гүйцэтгэн санал солилцсон юм.
“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ – 2024”
ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ
“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд 2017 оноос уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол, практикийн хурал орон нутгийн нөөц, эдийн засгийн чадавхад тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын бизнес, зохистой хөдөлмөр эрхлэлтийг инновацийн түншлэлээр дэмжихэд түлхэц болох зорилгоор Орхон аймгийн ЗДТГ – ын А.Амарын танхимд 2024 оны 4-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.
Онол, практикийн хурлыг БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох нээн үг хэллээ. Тус хуралд ЭЗХЯ – ны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, доктор Д.Эрдэнэбаяр, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг, СУИС-ийн дэд захирал, док (Ph.D), проф, Ж.Эрхэмтөгс, Шинжлэх ухааны паркийн захиргааны Маркетинг, инновацийн албаны дарга О.Болор-Эрдэнэ, СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч М.Гэрэлмаа нар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм.
Тус арга хэмжээнд Орхон аймгийн соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, төрийн өмчийн бүх шатны соёлын байгууллага, соёл, урлаг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын төлөөлөл нийт 60 орчим хүн оролцсон байна.
ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ ҮЗЭСГЭЛЭН
ВИРТУАЛ ҮЗМЭР
“Монголын инновацийн 7 хоног” өдөрлөг нь техник технологийн хөгжил, үйлдвэрлэлийн дэвшил, шинжлэх ухааны нээлт, шинэлэг өөрчлөлтүүд, шилдэг шийдлүүдийг танилцуулдаг билээ.
Энэ удаад соёлын салбарт сүүлийн жилүүдэд хийгдэж буй үндэсний агуулгатай виртуал үзмэрүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 4-р сарын 27-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд “Хөгжлийн төлөөх инновацийн түншлэл – 2024” үндэсний форумын үеэр зохион байгуулагдах “Инновацийн түншлэл үзэсгэлэн” -д МУИС-ийн харьяа Гарааны дижитал солюшн ХХК-ий “Монголын нууц товчооны газар усны аялал”, “Монгол орны рашаан, хүрхрээ”, “Хархорум хот” зэрэг 30 гаруй виртуал контентууд болон Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны “Бурхан халдун” виртуал аялалыг олон нийтэд хүргэн танилцууллаа.
0 cэтгэгдэлтэй