Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа

Serelt admin 2024-05-31

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр /2024.05.30/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт албаа хүлээн авснаас хойш ийнхүү түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа бүхий л талаараа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа онцлон дурдав. Мөн тэрбээр Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 26 гишүүнтэй, хамгийн том бөгөөд идэвхтэй ажилладаг бүлэг хэмээн тодотголоо.

Элчин сайд А.М.Готсурвэ эртний түүхэн харилцаатай, хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, шашин, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн Монгол Улсад томилогдон, ажиллах болсонд туйлын баяртай байна хэмээгээд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргын хувьд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Уулзалтаар талууд Энэтхэг Улсын хөрөнгө оруулалтаар манай улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.