“SME DAY 2024” БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Serelt admin 2024-05-31

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах Хоёр- үе шаттай зээлийн төсөл манай улсад хэрэгжээд 18 жил болж байгаа бөгөөд 1000 дахь төслийн санхүүжилтийг Хэнтий аймгийн “Нөмрөг алтай” ХХК-ийн төсөл шалгарч саяхан батламжаа гардан авсан.

Тогтвортой хөгжлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хувийн хэвшлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд болон төсөлд оролцогч банкнуудыг чадавхжуулах, байгаль орчныг хамгаалах зорилготой тус төсөлд хамрагдсан бизнес эрхлэгчид бизнес эхлүүлэх, амжилтад хүрэх туршлагаас хуваалцсан “SME DAY 2024” Бизнес эрхлэгчдийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд бөгөөд Хоёр- үе шаттай зээлийн Төслийн удирдах хорооны дарга М.Ганхүлэг тус төслийн зуулийн үр дүн, төслийн онцлог, хэрэгцээ, шаардлагын талаар нээлттэй хэлэлцлээ.

Мөн тус өдөрлөгөөр ЖАЙКА-гийн Хоёр- үе шаттай зээлийн төсөлд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн амжилтыг багтаасан “Мянган төслийн амжилтын түүх” номын нээлт болсон юм.

Хоёр- үе шаттай зээлийн төсөлд 21 аймаг бүрэн хамрагддаг бөгөөд нийт олгосон зээлийн 60 хувь нь Улаанбаатар хот, 40 хувь нь хөдөө орон нутагт ноогдоод байна. Орон нутагт дахь арилжааны банкнуудын салбар нэгжүүдээр дамжуулж төслийн зээлийг олгож байгаа нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд олгох төслийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.