Туслах сувилагчдыг бэлтгэж, Боловсролын зээлийн сангийн зээлээр сургана

Serelt admin 2024-09-9

Боловсролын сайд П.Наранбаяр “Өргөө” амаржих газрын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр “Өргөө” амаржих газрын удирдлагууд туслах сувилагч болон сайн дурын ажилтны хөтөлбөр, түүний хэрэгцээ шаардлагыг танилцуулсан байна. Тодруулбал, “Сувилахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хүний нөөцийн хомсдолыг нөхөх, эмч, сувилагчдын ачааллыг бууруулахын тулд туслах сувилагч болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэн ажиллуулах шаардлагатай байгаа. Тиймээс туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрийг их сургуулиудад нэвтрүүлэх, сургалтын төлбөрийг хөнгөлөх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхныг сайн дурын ажилтнаар ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд яамнаас дэмжлэг үзүүлж өгнө үү” гэжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр “Төрөлжсөн ахлах сургуулиудыг бий болгохоор ажиллаж байгаа тул дээрх саналууд чухал болохыг хэлээд “Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, шийдэх ёстой тул уялдаатай ажиллана. Эрүүл мэндийн салбар хариуцлага өндөртэй тул бүх эмнэлэгт сайн дурын ажилтан ажиллуулах боломжгүй. Тиймээс аль эмнэлгүүдэд ажиллах боломжтойг судлан, танилцуулах хэрэгтэй. Бас багшлах боловсон хүчний нөөцийн талаар мэдээлэл өгөх шаардлагатай. Туслах сувилагч, асрагчийн өнөөгийн статистик мэдээллийг боловсруулж гаргах хэрэгтэй. Мөн туслах сувилагчийн хөтөлбөрийг анагаах ухааны сургуулиудад бий болгохдоо төрийн, хувийн их сургуулиудад тэгш нэвтрүүлэх ёстой. Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах боломжийг судална” гэсэн байна.