УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.
Тэрбээр “Энэ намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна.
Учир нь манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэж ахиуллаа. Бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн энэхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө.
Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10,000 ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд мөн чиглэгдэж байна.
Иймд, намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх 4 жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах шаардлагатай байна.
Бидний гадаад орчинд, дэлхий дахинаа томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлдөөн өрнөж, олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Иймд, төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхдээ гадаад хүчин зүйлсээр нөхцөлдүүлсэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, сэргэж байгаа эдийн засгийг цаашид тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах учиртай…
Хууль, тогтоол батлах нэг хэрэг. Хууль хэрэгждэггүй бол тэр ердөө л тунхаг болдог. Иймд цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой” гэв.
0 cэтгэгдэлтэй