Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 86.4 хувьтай байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцууллаа.
Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин болон гэр сууцанд амьдардаг 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Хайер” болон “Хайсенс” компаниас 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах бөгөөд нийт ажлын явц 71.5 хувьтай байна. Хийн халаалтын зуух нь эко горим, шөнийн горим, энгийн горим гэсэн гурван горимоор ажиллах боломжтой. Мөн Чингэлтэй дүүрэгт хий цэнэглэх долоон цэг байгуулсан. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар таван хий цэнэглэх цэг ажиллаж байна. Баянгол дүүрэгт хий цэнэглэх зургаан цэг ашиглалтад ороход бэлэн болсон. Хийн түлш борлуулах цэгт тэсрэлтээс хамгаалсан цахилгааны тоноглол, албадмал болон албадмал бус агааржуулалт, зөөврийн хий мэдрэгч, галын сараа тоноглолууд, галын автомат болон гар хор, аваарын гарц, оч үсэрдэггүй резинэн шал, хамгаалалтын хашаа, камерын хяналт, тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, аюулгүй байдлыг хангасан. Хийн халаагуурт шилжүүлэх сургагч багш, зааварлагч бэлтгэх, хийн түлш борлуулах цэгийн борлуулагчийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж, олон нийтэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна. НЗД-ын захирамжаар Баянгол дүүрэгт 6 , Чингэлтэй дүүрэгт 27, нийт 33 цэгт хийн баллон цэнэглэх цэг барьж байгуулахаар төлөвлөн худалдан авах ажиллагааны эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлээд байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2026 онд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр эрх шилжсэн 113 төсөл арга хэмжээнээс 88 төсөл, арга хэмжээг тендер зарлуулахаар эрх шилжсэн байгууллагад хүргүүлээд байгааг мөн шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.










-27° C
3564.08

0 cэтгэгдэлтэй